Төв банк энэ оны эдийн засгийн өсөлтийн төсөөллөө БУУРУУЛЛАА

Монголбанк энэ оны  эдийн засгийн өсөлтийн төлөвийн  төсөөллийг 1 пунктээр бууруулан, 5.9 хувь байна гэсэн тооцооллыг хийснээ өчигдөр /2021.09.16/ мэдэгдлээ.

Сануулахад, өнгөрсөн зургаадугаар сард мөнгөний бодлогын шийдвэр гаргахдаа эдийн засгийн төсөөллийг өмнөхөөс өсгөж, 6.9 хувь байхаар таамаглаж байсан. Ингэхдээ уул уурхай, түүнийг дагасан салбарууд илүү өндөр өсөлттэй байхаар тооцлоо хэмээн мэдэгдэж байв.

Тэгвэл Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн эдийн засгийн өсөлтийн төлөвийн төсөөллийг эргэн бууруулсан талаар хэлэхдээ: Эдийн засгийн өсөлтийн төлөвийг өмнөх төсөөллөөс бууруулсан ч үүний тодорхой хэсэг нь ДНБ-ий аргачлал, тооцоолол шинэчлэгдсэнтэй холбоотой байна. Хилийн хязгаарлалт, вирусийн шинэ хувилбарууд тархаж байгаатай холбоотой эдийн засгийн идэвхжил саарч, өсөлт хоёрдугаар улиралд муудсан боловч эдийн засаг 2021 оны эцэст цар тахлын өмнөх буюу 2019 оны түвшинд хүрч сэргэх хүлээлт хэвээр байна. 

Эдийн засгийн өсөлтийн цаашдын төлөвийг гол салбаруудаар авч үзвэл уул уурхайн салбар хоёрдугаар улиралд саарсан хандлага оны сүүлийн хагаст үргэлжилж, үлдсэн хугацаанд нийт өсөлтөд дэмжлэг үзүүлэхээргүй байна. Харин уул уурхайн бус салбарын хувьд оны сүүлийн хагаст Засгийн газар болон Төв банкнаас хэрэгжүүлж буй эдийн засгийг сэргээх бодлогын арга хэмжээ, гадаад орчны сэргэлттэй уялдан эрчимжих хүлээлттэй байна. Улмаар уул уурхайн бус салбарын үйлдвэрлэлийн сөрөг зөрүү хаагдах хугацаа нэг улирлаар наашилж 2021 оны эцэст хаагдах хүлээлттэй байгааг энд онцолмоор байна.

Ирэх онд зэсийн баяжмалын агууламжийн өөрчлөлттэй холбоотойгоор тус салбарын өсөлт саарах бол уул уурхайн бус салбарын өсөлт ирэх жилийн эдийн засгийн өсөлтийг голлон тэтгэх хүлээлттэй байна. Түүнчлэн гадаадын шууд хөрөнгө оруулалт, экспортын орлогын өсөлт эдийн засгийн дотоод эрэлтийг нэмэгдүүлнэ.

Дэлхийн эдийн засгийн сэргэлт түүхий эдийн үнийн өсөлтөөр дамжин манай экспортын орлогод дэмжлэг үзүүлж байна. Энэ оны долоодугаар сарын байдлаар экспортын үнэ жилийн 34.6 хувиар, импортын үнэ 18.6 хувиар өсч, гадаад худалдааны нөхцөл жилийн 13.6 хувиар сайжирлаа. Тодруулж хэлбэл нүүрс, төмрийн хүдэр, газрын тосны экспортын үнийн төсөөлөл нэмэгдэн, гадаад худалдааны нөхцөл энэ онд үргэлжлэн сайжрах хүлээлттэй байна. Хэдийгээр гадаад эрэлт сайжирсан ч манай экспортын биет хэмжээ төдийлөн сэргэхгүй байна.  Нүүрсний экспортын тээвэр сүүлийн зургаан сарын туршид удааширч, нийт экспорт эхний долоон сард хүлээлтээс багаар буюу 18.3 хувиар өслөө. Харин дотоод эдийн засгийн идэвхжил, уул уурхайн томоохон төсөл, дэд бүтцийн бүтээн байгуулалтууд, дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэ зэргээс үүдэн импорт оны эхний долоон сард 31.9 хувиар тэллээ. Ийнхүү импорт экспортоос хурдтай өссөн нөлөөгөөр урсгал тэнцлийн алдагдал өмнөх оны мөн үеэс хоёр дахин тэлээд байна.  Төлбөрийн тэнцэл урьдчилсан гүйцэтгэлээр оны эхний долоон сард 300 сая ам.долларын алдагдалтай байгаа хэдий ч энэ онд гадаад валютын нөөц өмнөх оны түвшинд хадгалагдах хүлээлттэй байна” гэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ