"О.Тулга, Э.Цэндбаатар нарын хооронд тулаан явуулж, ялагчийг ДАШТ-д оролцуулна"
Монголын боксын холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Гавьяат тамирчин Э.Цэндбаатартай холбоотой асуудлаар тус холбооны Удирдах зөвлөл хуралдаж "ДАШТ-нд оролцох тамирчныг тодруулахын тулд сорилго тэмцээнд ялсан Алдар нийгэмлэгийн тамирчин О.Тулга болон Э.Цэндбаатар нарын хооронд тулаан явуулахаар шийдвэрлэлээ.
Хоёр тамирчны хоорондох сорил тэмцээнийг Олон Улсын боксын холбооны дүрмээр буюу гурван минутын гурван үетэйгээр зохион байгуулна.
Тэмцээнийг аравдугаар сарын 3-нд зохион байгуулах бөгөөд тухайн үед манай тамирчид цугларалтад гарсан байх юм.
Алдар нийгэмлэгийн тамирчин О.Тулга одоогоор ОХУ-ын Москва хотод Армийн ДАШТ-д оролцож байгаа" гэдгийг МБХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Сайнбилэг хэллээ.
Боксын холбооны удирдах зөвлөлийн гишүүдийн зүгээс Э.Цэндбаатар удаа дараа ёс зүйгүй үйлдэл гаргахад нь өршөөж, найр тавьж байсан учраас арга хэмжээ авсан. Гэхдээ цаашдын тэмцээн уралдаанд оролцох бүх эрхийг нь хязгаарласан зүйл байхгүй хэмээн мэдээлэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ