Дэлхийн хүн амын гуравны нэгээс илүү хэсэг нь дарангуйлалд амьдарч байна

Өнөөдөр Олон улсын ардчиллын өдөр. Энэ өдрийг жил бүрийн есдүгээр сарын 15-нд тэмдэглэж байхаар НҮБ-ын Ерөнхий Ассамблей 2007 онд тогтоол гаргаж, 2008 оноос хэрэгжүүлж эхэлсэн юм. Өнгөрсөн онд гаргасан судалгаагаар, дэлхийн хүн амын ердөө найман хувь буюу 23 орон бүрэн ардчилсан тогтолцоотой байна. Харин хүн амын бараг тал буюу 41 хувь нь амьдарч буй 52 орон гажсан ардчилалтай. 35 орон буюу 15 хувь нь хос дэглэмтэй, 35.6 хувь нь буюу 57 орон дарангуйллын дэглэмтэй улсад амьдарч байна.    

Энэ нь дэлхийн хүн амын гуравны нэгээс илүү хэсэг нь тодорхой хэмжээнд дарангуйлалд амьдарч байгааг илтгэнэ. Тиймээс дэлхий дахинаа ардчиллын байдал, хүний эрх эрх чөлөөний нөхцөл байдлыг дүгнэх үүднээс энэ өдрийг олон улсад тэмдэглэдэг болжээ. 
Монгол Улс Ардчиллын замаар замнаж, ардчилсан үзлээр үнэт зүйлээ тодорхойлсоор 31 жилийг үдэж байна. Бид ардчилсан тогтолцоонд амжилттай шилжиж, Ази тивд орших ардчиллын арал хэмээн нэрлэгдэж, төлөвшүүлж буй ардчиллын туршлагаа олон улстай хуваалцаж ирсэн түүхтэй.   
Харамсалтай нь олон улсын судалгаагаар Монгол орныг “гажсан ардчилал”-тай орны тоонд оруулсан байдаг. Бид нэг намын тогтолцоо бүхий социалист нийгмээс олон намын систем бүхий хүмүүнлэг ардчилсан нийгэмд шилжиж, хүний эрх эрх чөлөөг хангах чиглэлд олж авсан үнэт зүйл их бий хэдий ч сонгуулиас сонгууль дамнан нэг намын хэт олонх эрх барих болж, зарим талаар хүний эрхийн зөрчлүүд гарах болж, авлигын үзүүлэлт ухарч, эдийн засгийн чөлөөт байдалд бэрхшээл тулгарах болсон нь Монголын ардчиллын өмнө том сорилт болоод буй.   
Иймд хүн төрөлхтний хамгийн томоохон ололтын нэг болох Ардчиллын үнэт зүйлсээ хамгаалахын тулд иргэн бүр ач холбогдол өгөх учиртай.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ