Засгийн газраас танилцуулсан шинэ сэргэлтийн бодлого
Ерөнхийлөгчийн санаачилгаар Төрийн ордонд “Цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх нь” сэдэвт төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын зөвлөлдөх уулзалт өчигдөр болов. Хагас өдөр үргэлжилсэн уулзалтад Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар үг хэллээ.
Харин хувийн хэвшлийг төлөөлж MCS группийн Захирлуудын зөвлөлийн дарга Ж.Оджаргал, “Шунхлай” группийн Ерөнхийлөгч П.Батсайхан нар ирсэн байв. Эдгээр эрхмүүд уул уурхай, эдийн засгийн хурал чуулганд тэр бүр оролцож, олны өмнө гардаггүй.
Бизнес эрхлэгчид төрөөс хүү багатай, хөнгөлөлттэй зээлийг уулзалт зөвлөгөөн бүрд нэхдэг. Харин өчигдөр болсон хуралд ийм дуу хоолой сонсогдсонгүй. Энэ нь “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа идэвхжүүлэх арван их наяд төгрөгийн хөтөлбөр”-тэй холбоотой болов уу. Мөн зээлийн хүү өндөр байна гэх гомдол ч гарсангүй. Харин бизнес эрхлэгчид яг адилхан хилээр, нэг боомтоор зэсийн экспорт хэвийн үргэлжлэх атлаа нүүрсний худалдаа яагаад саатдаг, Засгийн газраас баталгаа гаргаж, аж ахуйн нэгжүүдээ дэмжих боломж бий эсэхийг илүүтэй лавлан тодруулж байв.
Зөвлөлдөх хурлын эхэнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цар тахлын үеийн эдийн засгийг эрчимжүүлэх, шинэ сэргэлтийн бодлогоо танилцуулав. Түүний илтгэлийг хүргэж байна.
Энэ бодлогын зорилго нь улс төрийн болон макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг эрчимжүүлж, бизнесийн таатай орчныг бүрдүүлэх юм. Мөн гадаад, дотоодын хөрөнгө оруулалтын орчныг сайжруулж, төсвийн шинэчлэл хийхээ амлав.
Хамарч болох дэмжлэгийн хүрээнд хөрөнгийн зах зээлийг оруулсан нь анхаарал татав. Цар тахлын нөлөөгөөр сүүлийн хоёр жилийн турш Улаанбаатар хот улсын төсвийн орлогод нэмэр болоогүй. Ирэх онд ч хөрөнгө төвлөрүүлэхгүй. Харин бонд гаргаж, замын түгжрэл гэх мэт ужгирсан асуудлаа шийдэхээр төлөвлөж байна.
Өнгөрсөн долоо хоногт Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл хуралдсан. Энэ зөвлөлд Сангийн сайд, Төв банкны Ерөнхийлөгч, Санхүүгийн зохицуулах хорооны дарга болон Хадгаламжийн даатгалын корпорацын дарга багтдаг. Тэд Засгийн газрын дотоод үнэт цаасыг биржийн бус зах зээлд арилжих талаар хэлэлцсэн юм. Тэгэхээр гүйцэтгэх засаглалын баг 30 жилийн ойтойгоо золгож буй хөрөнгийн зах зээлийн шинэ бүтээгдэхүүнүүдийг ашиглахаар зэхэж байгаа бололтой.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ