Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын харилцан ойлголцол чухал байна
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх нь” сэдэвт төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын зөвлөлдөх уулзалт өнөөдөр /2021.09.13/ Төрийн ордонд болж байна.
Тус уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар оролцож, бизнес эрхлэгчдийн саналыг сонсож буй юм.
Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Цар тахлыг хохирол багатай даван туулж, эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэхэд төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын нягт үр дүнтэй нэгдмэл хамтын ажиллагаа, харилцан ойлголцол чухал байна. Тиймээс та бүхэн эрхэлсэн ажилдаа эзэн ёсоор хандаж, улс төржилтөөс ангид байж, төрийн байгууллагын хүнд суртал дарамт шахалтыг халж, сахилга бат, дэг журмыг чанд сахиж ажиллах шаардлагатай байна.
Цар тахлын улмаас эдийн засаг өнгөрсөн онд 4.5 хувиар агшсан ч энэ оны эхний хагас жилд 6.3 хувиар өсч, сэргэлт ажиглагдаж эхэллээ. Энэхүү сэргэлтэд гадаад орчин багагүй нөлөө үзүүллээ. Засгийн газар 2020-2021 онд 7.8 их наяд төгрөгийн өртөгтэй арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа бөгөөд айл өрх, ААН-үүдийн цахилгаан, дулаан хогны төлбөрт 1.1 их наяд төгрөг зарцуулсан. Энэ нь цар тахлын хүнд үеийг даван туулахад ихээхэн дэмжлэг болсон хэмээн ард иргэд талархан ярьдаг.
Мөн эдийн засгаа сэргээх 10 их наядын төлөвлөгөөний хүрээнд нийт 3.6 их наяд төгрөгөөр эдийн засгаа дэмжиж 245 мянга гаруй ажлын байрыг хадгалсан нь богино хугацаанд чамлахааргүй үр дүн юм" хэмээлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ