Зарим хүнд “итгэмээргүй дархлаа” тогтож болдог байна

  Зарим хүнд “итгэмээргүй дархлаа” тогтож болдогийг америкийн эрдэмтдийн судалгаа харууллаа гэж Mail Online сайтад бичжээ. “Итгэмээргүй” буюу “гибрид дархлаа” нь их хэмжээний эсрэг биет ялгаруулж,  бүр одоо байхгүй коронавирусийн тэр штаммуудыг ч дарах чадвартайг  судалгаа харуулсан байна. 
COVID-19-өөр өвчилөөд эдгэрсэн болон  ингэсний дараахан Pfizer юмуу Moderna вакцины хоёр тун тариулсан хүмүүс ийм дархлаатай байж болдог байна.
 “Энэ хүмүүсийн цусан дахь эсрэг биетүүд нь 20 жилийн тэртээ гарч байсан анхны коронавирус болох SARS-CoV-1-ийг ч саармагжуулж чаддаг байна. Энэ вирус нь SARS-CoV-2-оос маш ялгаатай” гэж Рокфеллерийн их сургуулийн вирус судлаач Теодора Хатциоанну хэлжээ.  
COVID-19-өөр өвчилсний дараа тогтсон жам ёсны дархлаа дунджаар барагцаалвал найман сар хүртэл  хугацаагаар үйлчилдэг.
 Гэвч хэрвээ бас нэг вакцин хийлгэвэл, энэ нь хамгаалалтыг идэвхижүүлж, “итгэмээргүй дархлаа” тогтоход хүргэж болдог  гэж өөр нэг шинжээч Шейн Кротти дурджээ. 
Б.Атар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ