АН хүний нөөцийн шинэ бодлогоо танилцуулав
Өнөөдөр 2021 оны 9-р сарын 8-ний өдөр Ардчилсан нам төв байранд АН-аас хэвлэлийн бага хурал зарлалаа. Уг хэвлэлийн хурлаар АН-ын ХЭГ-ийн дарга Б.Ган-Очир АН-ын Олон нийт, хэвлэл мэдээлэл хариуцсан нарийн бичгийн даргаар Х.Батсүхийг томилж байгааг танилцуулсан бөгөөд АН-ын хүний нөөцийн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ АН-ын дэргэд шинээр байгуулагдаж буй “Ардчилал улс төрийн академи”-ийн талаар мэдээллийг өглөө.
Б.Болор-Эрдэнэ:
-АН-ын дарга О.Цогтгэрэл ажлаа авсны дараа Монгол Улсыг тойрон намын анхан шатны гишүүдтэй уулзалтууд зохион байгуулж байгаа. Эдгээр уулзалтуудын эхний үр дүн болон АН-ын хүний нөөцийн бодлогыг шинэчлэн, гишүүн төвтэй намын бодлогыг хэрэгжүүлэх ажлыг эхлүүлж АН-ын дэргэд “Ардчилал улс төрийн академи” - ийг нээж байгаа. Тус академи нь Ардчилсан намын гишүүдийг чадавхжуулах, гишүүдийн тогтмол хөгжилд дэмжлэг үзүүлэх зорилготой бөгөөд “Асуудал шийдэл 330 манлайллын хөтөлбөр 2021”-ийг зарлан сум бүрээс Ардчилсан намын 35 хүртэлх насны шилдэг залуусыг сонгон шалгаруулж байна. Энэхүү хөтөлбөрт сонгогдсон залуус маань Монгол Улс болон Ардчилсан намын шилдэг мэргэжилтэнүүдийн бэлтгэсэн улс төр, засаглал, нутгийн удирдлага, нийгмийн манлалайлал дахь иргэний оролцоо, хувь хүний ур чадваруудыг олгох цогц сургалт, хэлэлцүүлэг болон интерактив воркшопуудад хамрагдах бөгөөд энэхүү хөтөлбөр маань жил бүр тогтмол зохион байгуулагдах болно.
Намын гишүүдийн ур чадвар нэмэгдэх нь эргээд Монгол Улсын хөгжилд ч чухал зүйл бөгөөд дан ганц уг хөтөлбөрөөр зогсохгүй АН-ын хүний нөөцийн бодлогоо улам нээлттэй болгон хүний хөгжил, гишүүдийн оролцоог ханган ажиллана.
Эх сурвалж: АН
СЭТГЭГДЭЛ БИЧИХ