Цагаан ноолуур кг нь 60-115 мянган төгрөгийн үнэтэй байв

Малын зах зээлийн дундаж үнийн мэдээллээр энэ оны 7 дугаар сард ат 1.2 сая төгрөг болж, өмнөх сарынхаас 38.2 мянган төгрөгөөр багаслаа. 


Хязаалан гуны үнэ 1.2 сая, соёолон үрээний үнэ нэг сая төгрөг байгаа нь өмнөх сарынхтай ижил байв. Харин эр хонины үнэ 215.9 мянган төгрөг болж, өмнөх сарынхаас 5.8 мянган төгрөгөөр, эр ямааны үнэ 144.3 мянган төгрөг болж, өмнөх сарынхаас 400 төгрөгөөр багасжээ. 


Түүнчлэн, 7 дугаар сард эр хонь Улаанбаатарт хамгийн их бүюу 270 мянган төгрөг болсон нь өмнөх сарынхтай адил аж. Харин Дорнод аймагт хамгийн бага буюу 152.1 мянган төгрөг болж, өмнөх сарынхаас 2.8 мянган төгрөгөөр нэмэгджээ. 


Мөн сард нэг кг цагаан ноолуурын дундаж үнэ Баянхонгор, Говь-Алтай аймагт хамгийн их буюу 115 мянга, Дорнод аймагт хамгийн бага буюу 60 мянган төгрөг байсныг Үндэсний статистикийн хороо мэдээллээ. 


Долоодугаар сард үхрийн 2 метрээс дээш урттай шир 6.7 мянган төгрөг болж, өмнөх сарынхаас 500 төгрөгөөр, ямааны цагаан ноолуур 1 кг нь 102.5 мянган төгрөг болж, өмнөх сарынхаас 100 төгрөгөөр нэмэгджээ. 


Үүнээс гадна газар тариалангийн бүтээгдэхүүний зах зээлийн дундаж үнийн мэдээллээр 7 дугаар сард 25кг хивэгний үнэ Хөвсгөл, Сүхбаатар аймагт хамгийн их буюу 25 мянган төгрөг болж, өмнөх сарынхаас 2.5 мянган төгрөгөөр нэмэгдсэн бол Сэлэнгэ аймагт хамгийн бага буюу 15 мянган төгрөг болж, өмнөх сарынхтайгаа ижил үнэтэй байлаа. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ