COVID-19-өөс болоод түргэн хөгширдөг эрхтэн

   Коронавирус хүний биед аль хэр муугаар нөлөөлдөгийг тодруулахаар нэг дор эрдэмтдийн хэд хэдэн баг ажиллаж байна. Дотор эрхтнүүд цаг бусаар ихээхэн хөгширдөг нь нэг гол уршиг болохыг саяхан илрүүлжээ. Тухайлбал, COVID-19-өөр өвчилж эдгэрсэн хүмүүсийн 70%-ийнх нь элэг болон нойр булчирхайд өөрчлөлт гарсан нь ажиглагдсаныг  Жорж Мейсоны их сургуулийн системийн биологийн сургуулийн судлаачид илрүүлсэн байна. 

Эдгээр эрхтэний “хөгширөлттэй” холбоотой оношийг өмнө нь голдуу 60-аас дээш насныханд тавьж байсан бол,  коронавирусээр өвчилж эдгэрсэн 40 настай хүмүүст ийм эргэлт буцалтгүй үр дагавар мөн ажиглагдаж байгаа ажээ.   Үүнээс гадна, доктор Зияд Аль-Алигийн удирдсан эрдэмтдийн баг саяхан илтгэл нийтлүүлж,  өвчилж эдгэрсэн хүмүүсийн дотор эрхтнүүд олон жилээр эрт хөгширч байгааг дурдсан байна. COVID-19-өөр өвчилж эдгэрсэн 89 мянган хүн, түүнчилэн хөнгөн явцтай өвчилсөн 1,6 сая хүн судалгаанд хамрагдсаныг “Нью-Йорк таймс” сонинд бичсэн байна. Ингэхдээ  коронавирусээс болоод бөөр илүүтэй мууддаг болж таарчээ. 

 30-40 настай хүмүүст энэ эрхтний үйл ажиллагаа нэг жилд 1%-иар алдагддаг бол, янз бүрийн халдварт өвчин, түүний дотор COVID-19 илүү ноцтой үр дагаварт хүргэдэг байна. COVID-19-ийн дараа 4757 хүний “бөөрний үйл ажиллагаа нэг жилийн хугацаанд  30%-иар муудсаныг” Аль-Али дурджээ. Харин харьцангуй эрүүл хүмүүст ийм хөгширөлт 30 жилд ажиглагддаг байна. 
Яагаад чухамхүү бөөр коронавирусийн улмаас ингэтлээ их мууддагийг  эрдэмтэд хараахан тайлбарлаж чадахгүй байгаа ажээ. Үрэвсэл юмуу дархлааны системийн эрчимтэй үйл ажиллагааны улмаас энэ эрхтэн илүү мэдрэмтхий болдог хэмээн тэд таамаглаж байна. 
Цусны бүлэгнэл муу байх нь бөөрний үйл ажиллагаанд мөн мэдэгдэм нөлөөлдөг нь  бас энэ өвчний нэг уршиг байж болох юм.  
Б.Атар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ