Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНЭУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.П.Сингх-ийг хүлээн авч уулзав. Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсонд нь Элчин сайд баяр хүргэж, Монгол Улсад улс төрийн тогтвортой байдал сэргэн бэхжиж байгаад баяртай буйгаа илэрхийллээ.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байх үедээ ч хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаанд онцгой ач холбогдол өгч ирснээ дурдаж, цаашид Ерөнхийлөгчийн хувиар Стратегийн түншлэлийг бэхжүүлэх, хамтарсан томоохон төслүүдийг амжилттай хэрэгжүүлэхэд бүх талын дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв.
Хоёр улс цар тахлын үед ч идэвхтэй хамтран ажиллаж, бие биенээ харилцан дэмжиж ирснийг талууд онцлов. БНЭУ-аас цар тахлын эмчилгээнд ашиглах Ремдесивир эмийн 100 мянган тун тарилгыг 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Монгол Улс хүлээн авсан нь иргэдийн эрүүл мэндийг хамгаалахад чухал хувь нэмэртэйг тэмдэглэлээ.
Хоёр улсын Стратегийн түншлэлийн бэлгэ тэмдэг болсон Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийг цаг хугацаанд нь амжилттай хэрэгжүүлэх чиглэлээр үргэлжлүүлэн идэвх чармайлттай ажиллах нь зүйтэй гэдэгт санал нэгдэв.
Уулзалтын үеэр хоёр улсын хооронд худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, энэ хүрээнд БНЭУ-д коксжих нүүрс экспортлох туршилтын тээвэрлэлтийг эхлүүлэх ажлыг эрчимжүүлэх талаар санал солилцлоо.
БНЭУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд А.Б.Важпайн нэрэмжит Мэдээллийн технологи, холбоо, аутсорсингийн төв болон Монгол, Энэтхэгийн хамтарсан найрамдалт дунд сургууль байгуулах зэрэг хамтарсан төсөл хэрэгжиж эхэлсэнд талууд сэтгэл хангалуун байгаагаа харилцан илэрхийллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ