Майкл Клечески: Монгол Улсын тусгаар тогтнол, хараат бус байдлыг АНУ тууштай дэмжсэн хэвээр байгаа
АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Майкл Клечески болон АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг (USAID)-ийн Монгол дахь захирал Гари Роббинстой ярилцлаа.
-Та Монголд их элгэмсүү хүн шиг санагддаг. Учир нь та манай улсын томоохон баяр болох Цагаан сараар Үндэсний дээл өмссөн байсан. Одоо “Номын баяр” гэх бичигтэй амны хаалт зүүсэн байна. Монгол хэл, өв соёлд элгэмсүү байдаг учир юу вэ?
-Зөвхөн намайг бус манай эхнэрийг ч ингэж хэлж болох байх. Учир нь бид хоёр Монголд их хайртай. Монголын олон зүйл биднийг гайхшируулж, сэтгэлийг минь татдаг. Жишээ болгож хэдийг нь хэлье. Нэгдүгээрт, Монгол өв соёл, уламжлал маш сонирхолтой санагддаг. Хоёрдугаарт, би Монголын түүхийг унших дуртай, их ч уншсан. Гуравдугаарт, монголчууд маш найрсаг хүмүүс. Үүнийг гэхдээ дипломатчийн хувиар биш, хувь хүний зүгээс хэлж байгаа юм шүү. Монголчууд олон зууны түүхтэй соёл, уламжлал, гэр бүлийнхээ ёс заншил, өв уламжлал, түүх гэх мэт олон зүйлийг бусадтай хуваалцах дуртай. Мөн соёл, уламжлалын нөлөө нь асар хүчтэй байгааг харахад надад гайхалтай сэтгэгдэл төрдөг. Жишээлбэл, хэн нэгэн надтай танилцаад хөөрөг зөрүүлбэл тэр нь намайг өв уламжлал, соёлынхоо нэгээхэн хэсэг болгон харж байгаа юм байна гэж ойлгодог. Тиймээс би, хөөрөг яаж зөв авах, яаж зөв дамжуулах гээд олон зүйлийг сурах хэрэгтэй болдог л доо. Монголын өв соёлоос суралцах ч сонирхолтой байдаг. Ерөнхийдөө бид очсон газар бүрийнхээ түүх, соёлыг судлах дуртай. Гэхдээ танай өв уламжлал, зан заншил, соёл, ахуй амьдрал гойд сонирхолтой санагддаг. Магадгүй би өмнө нь сайн мэддэггүй байсантай ч холбоотой байж болох. Үүнээс гадна орчин үеийн соёл, урлагийн зарим төрлүүд нь уламжлалт хэв маягтайгаа сүлэлдэж байгаа нь гайхалтай. Тухайлбал, “The Hu” хамтлаг байна. Энэ мэтчилэн яривал их олон зүйл байна л даа. Хэдэн цагаар ч ярьж магадгүй, тиймээс ингээд зогсъё (инээв).
-Манай хоёр орны хамтын ажиллагаа өнгөрсөн хугацаанд хэр ахицтай байсан гэж та дүгнэж байна вэ?
- Манай хоёр улс дипломат харилцаа тогтоосноос хойших 30 гаруй жилийн хугацаанд хоёр орны харилцаа үргэлж бат бэх, ойр нягт байсаар ирсэн. Сүүлийн нэг, хоёр жилийн хугацааг дүгнэж яривал харилцаа бат бэх хэвээр төдийгүй улам эрч хүчтэй өрнөж байна. Өөрөөр хэлбэл, чиг хандлага маш эерэг байлаа. Үүнийг онцлон тэмдэглэсэн нэг зүйл бол саяхан Монгол Улсын Гадаад харилцааны сайд Монгол дахь Энх тайвны корпусын Орон нутаг хариуцсан захиралд “Алтан гадас” одон гардуулж өгсөн явдал байлаа. Энэ бол зөвхөн тухайн нэг хүнийг Монгол Улсын төрийн дээд одонгоор шагнасан төдий үйл явдал биш бөгөөд Монгол дахь Энх тайвны корпусын 30 жилийн үйл ажиллагааг онцлон тэмдэглэсэн чухал үйл явдал болсон гэж бодож байна. Сүүлийн жилүүдэд хоёр орны харилцаанд эрч нэмсэн үйл явдлууд хэд хэд тохиолоо. Гурван жилийн өмнө Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх АНУ-д албан ёсоор айлчилснаар эхэлж, хоёр жилийн өмнө Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-д айлчлахдаа Стратегийн түншлэлийн харилцаа тогтоосон баримт бичигт гарын үсэг зурснаар улам баталгаажсан. Мөн саяхан АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Монгол Улсад айлчиллаа.Манай хоёр орны харилцаа жилээс жилд өргөжин тэлж байна. Бидний харилцаа олон тулгуур баганатай гэж хэлж болно. Цэрэг, батлан хамгаалахын чиглэлээр нэгэнт тогтсон, маш бат бэх харилцаатай, эдийн засгийн харилцаа ч сайн байна. Үүнээс гадна хууль сахиулах, боловсрол болоод бусад салбаруудад ч хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа улам бүр бэхжиж байна.
-Сүүлийн хоёр жил орчим дэлхий нийтийг хамарсан цар тахал буюу коронавирусийн халдвар дэлгэрч, одоо ч бүрэн намжаагүй байна. Энэ үед хоёр орон хэрхэн хамтарч ажилласан бэ?
Цар тахлын үеэр АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг (ОУХА буюу USAID) болон засгийн газрын бусад байгууллагууд Монгол Улсад тусалж дэмжих чиглэлээр хичээн ажилласанд бид бахархалтай байна. Монгол Улс ч бидэнд хэрэгтэй үед чухал дэмжлэг үзүүлснийг хэлэх нь зүйтэй. АНУ-ын ОУХА Монголд эргэн ирж, ялангуяа цар тахлын тусламжийг зохицуулахад манлайлан ажиллаад зогсохгүй үйл ажиллагаа, хөтөлбөрүүд нь нэлээд өргөжиж байна, энэ талаар дэлгэрэнгүй ярилцах байх аа. Мянганы сорилтын корпорацийн Монгол Улстай байгуулсан Усны компакт гэрээг хүн бүр мэдэх болсон. Энэ гэрээ маань хэрэгжих шатандаа орж, томоохон ажлууд хийгдэж эхэлж байна.Бидний стратегийн түншлэл бодитой, практик алхмуудаар хэрэгжиж байдаг. Тухайлбал, өнгөрсөн зургадугаар сард АНУ-ын ОУХА-ийн Монгол дахь захирал Гари бид хоёр нэгэн сүүний аж ахуйтай танилцсан юм. Тус аж ахуйг эрхлэгч эмэгтэй ОУХА-ийн Монголд хэрэгжүүлж буй “BEST” хөтөлбөрт хамрагдсанаар, уг хөтөлбөрийн тусламжтайгаар сүүний фермийн үйл ажиллагаа нь өргөжин, хөгжлийн зөв голдирлоо олж явааг харах сайхан байлаа. Энэ бол АНУ-ын төсөл хөтөлбөр хүмүүсийн амьдралд эерэг нөлөө үзүүлж байгааг бодитоор харуулсан ганцхан жишээ.
-Хоёр орны цаашдын харилцааг хэрхэн дүгнэж байна. Өөдрөг төсөөлөл байна уу?
Манай Элчин сайдын яам хоёр орны харилцааны ирээдүйг өөдрөгөөр харж, харилцааны эрчим энэ хэвээрээ үргэлжилнэ гэж итгэж байна. Өөдрөг байгаа маань хэд хэдэн шалтгаантай. Нэгд, Монгол Улс ардчиллын бахархалт замналаа тууштай үргэлжлүүлж байгааг АНУ ямагт үнэлсээр ирсэн. Хоёрт, Монгол Улсын тусгаар тогтнол, хараат бус байдлыг АНУ тууштай дэмжсэн хэвээр байгаа. Гуравт, АНУ бусад ардчилсан орнуудыг дэмжиж, эдийн засгийг нь хүчирхэгжүүлэх шинэ арга хэрэгслүүдийг хөгжүүлж байна. Үүний нэг жишээ нь Хөгжлийн санхүүжилтийн корпораци юм. Дөрөвт, хоёр тал хамтын ажиллагааны шинэ чиглэлүүдийг бий болгох эрэл хайгуул байнга хийж байна. Нэг жишээ дурдвал, сэргээн засах чиглэлээр хамтарч ажиллах ямар боломж байгааг судлах зорилгоор зургадугаар сард Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа болон УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар нартай хамт Улаанбаатар хотын Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төвийн үйл ажиллагаатай танилцлаа. Энэ мэтээр хамтын ажиллагааны шинэ салбаруудыг тодорхойлж, харилцааны эрчмийг идэвхтэй байлгахыг зорьж байна.
-“Гуравдагч хөршийн худалдааны тухай хууль” хэлэлцэгдэж байна. Энэ хуулийн ач холбогдлыг та хэрхэн дүгнэж байна вэ?
-Энэ хуулийн төсөл Конгресст дахин өргөн баригдчихсан байгаа. Гүйцэтгэх засаглалын нэг салбарын хувьд бид хууль тогтоох засаглал буюу Конгрессын шийдвэрийн талаар тайлбар хэлэх боломжгүй учир хэзээ, хэрхэн батлагдахыг хэлэх боломжгүй нь. Мэдээж хэрэг, АНУ-ын засаг захиргаа болоод Элчин сайдын яамны тавьж байгаа тэргүүлэх зорилтуудын нэг бол Монгол Улсын эдийн засагт дэмжлэг үзүүлэх явдал мөн.
-Манай улсын экспортын чухал бүтээгдэхүүний нэг бол ноолуур. АНУ-ын Засгийн газраас хэрэгжүүлдэг төсөл хөтөлбөрүүдийн хүрээнд энэ салбарт хөрөнгө оруулалтууд ихээхэн хийгддэг шүү дээ?
-Ноолуурын салбар бол Монголын эдийн засгийн хувьд чухал салбар. Макро эдийн засгийн утгаараа ч тэр, цаашилбал энэ салбарт ажилладаг болоод ажилладаггүй олон эмэгтэйчүүдийн хувьд ч тэр. Эмэгтэйчүүдэд ажлын байр бий болгоход томоохон үүрэг гүйцэтгэдэг энэ салбарыг дэмжих нь бидний тэргүүн зорилтын нэг л дээ. “Гуравдагч хөршийн худалдааны тухай хууль” батлагдах эсэхээс үл хамаарч ноолуурын салбарт хэд хэдэн ажлыг бид бодитоор хийж хэрэгжүүлээд байна. Нэгдүгээрт, АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр ноолуурын чиглэлээр томоохон хэмжээний судалгаа хийж, үр дүнд нь хэд хэдэн чухал санааг дэвшүүлсэн. Нэгдүгээрт, Монголын ноолуурыг дэлхий дахинд таниулах, албан ёсоор бүртгэлтэй болгох чиглэлд ажиллалаа. Мөн ноолуурын салбарыг эдийн засаг, байгаль орчны хувьд тогтвортой хөгжүүлэх боломжийн талаар Монгол Улсын Засгийн газарт зөвлөмж хүргүүлсэн. Хоёр дахь ажил нь, АНУ-ын Засгийн газрын байгууллага болох Хөгжлийн санхүүжилтийн корпораци, Монголын ноолуурын нэг компанид шинэ байгууламж барихад нь зориулж таван сая ам.долларын зээл олгосон байна. Уг зээлийн тусламжтайгаар тэд ноолуураа эх орондоо боловсруулах боломжтой болсон. Монголдоо боловсруулах нь санхүүгийн хувьд илүү үр өгөөжтэй, илүү олон ажлын байр бий болгох, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зэрэг ач холбогдолтой. Өөрөөр хэлбэл, ноолуурын салбар болон хөдөө аж ахуйн салбарыг дэмжих чиглэлд бид олон зүйлийг хийж байгаа, түүгээрээ ч бахархаж байна.
-Дэлхийн хэмжээний чанартай боловсролын нэг гол бааз суурь АНУ-д бий гэж хэлж болох байх. Монгол залуус АНУ-д суралцахыг, тэр дундаа АНУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хамрагдахыг ихээхэн эрмэлздэг. Тэтгэлгийн тоог нэмэгдүүлэх чиглэлд Элчин сайдын яамнаас хэрхэн анхаарч ажиллаж байна вэ?
-Монгол оюутнуудыг АНУ-д аль болох олон тоогоор сургах боломжийг бүрдүүлэх бол манай Элчин сайдын яамны чухал зорилтуудын нэг. Оюутан солилцооны маш олон төрлийн хөтөлбөрүүд байдаг. Оюутан, залууст хамгийн их танигдсан хөтөлбөр болох Фүлбрайт, эсвэл Хьюберт Хамфри гэдэг ч юм уу, нэг хоёр хөтөлбөрт нь хүмүүс голчлон төвлөрөөд байх шиг байгаа юм. Ер нь бол солилцооны хөтөлбөрийн маш олон боломж болоод сонголт бий. Тэдгээр хөтөлбөрийн мэдээлэл бүгд манай Элчин сайдын яамны цахим хуудсанд дэлгэрэнгүй байдаг. Тухайлбал, ахлах сургуулийн сурагчдад нэг жилийн хугацаанд тэтгэлэгтэйгээр АНУ-д суралцах боломж олгодог FLEX гэдэг хөтөлбөр байдаг бөгөөд би үүнийг гайхалтай хөтөлбөр гэж боддог. Дашрамд хэлэхэд, энэ хөтөлбөрийн сонгон шалгаруулалт тун удахгүй цахимаар явагдана.Энэ бол АНУ-д суралцах олон боломжийн зөвхөн ганц л жишээ. АНУ-д суралцах хүсэлтэй залуус сургуулиа хэрхэн зөв сонгох талаар, түүнчлэн сургуульдаа элсчихлээ гэхэд сургалтынхаа төлбөрийг төлөх санхүүжилтийн эх үүсвэрээ хаанаас олох зэрэг чиглэлээр зөвлөгөө, мэдээлэл өгдөг Еducation USA хөтөлбөр, Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын номын сан дахь “Америкийн соёл, мэдээллийн төв”-д болон онлайнаар үйл ажиллагаагаа явуулдаг. Үүнээс гадна сүүлийн үед Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яамнаас санаачлан улсын хэмжээнд, мөн танай улсын зарим их, дээд сургуулиуд АНУ-ын зарим их сургуультай хамтарч маш бага зардлаар Америкийн их, дээд сургуулиудад суралцах боломжийг нээж өгч байгаад бид баяртай байна. Үүнд Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам болон Элчин сайд асан Ё.Отгонбаяр маш их үүрэг гүйцэтгэсэн гэдгийг онцлон дурдмаар байна.Үүнээс гадна АНУ-д Төгсөгчдийн холбоо болох MASA (Mongolian Association of State Alumni) гэж байгууллага бий. Энэ бол АНУ-д урт болон богино хугацааны хөтөлбөрт хамрагдаад ирсэн монголчуудын холбоо л доо. MASA-гийнхан бидэнтэй, сургуулиудтайгаа, мөн өөр хоорондоо байнга холбоотой байдаг учраас тус холбоо нь мэдээлэл солилцох, бие биеэсээ суралцах хамгийн сайн эх сурвалж болдог.
-Танай улсын Засгийн газрын тэтгэлэгт хамрагдахын тулд болон их, дээд сургуульд суралцахын тулд юуны өмнө англи хэлний ур чадвартаа анхаарах ёстой байх. Зөвлөн туслах чиглэлээр анхаарч ажилладаг болов уу?
-Монгол оюутнууд АНУ-д суралцахын тулд нэн тэргүүнд англи хэлний мэдлэг маш сайн байх хэрэгтэй. Тиймээс англи хэлний мэдлэгийг сайжруулах чиглэлээр Элчин сайдын яамнаас олон зүйлийг хийж байна, энэ чиглэлээр олон ч хөтөлбөрүүд бий. Олон нийтэд зориулсан нээлттэй онлайн сургалтууд (MOOC гэх мэт) ч байдаг. Мөн англи хэлний багш нарын заах арга зүй, ур чадварыг дээшлүүлэх чиглэлийн олон сургалт явагддаг. Үүнээс гадна Энх тайвны корпус англи хэлний боловсрол, сургалтыг сайжруулах чиглэлээр 30 гаруй жил Монгол Улсад ажиллаж байна. Цар тахлаас болоод сайн дурын ажилтнууд одоохондоо буцчихсан байгаа. Цаг сайхан болохоор бид тэднийг буцааж авч ирэхээр ажиллаж байна.
-Монголчууд АНУ-д ажиллах хүсэлтэй байдаг шүү дээ. Одоогоор ажиллах хүч илгээх чиглэлд ямар ажил хийж байна вэ?
-АНУ-д богино хугацаагаар ажиллаж болдог олон төрлийн виз байдаг гэдгийг хэлэх нь зүйтэй байх. Тухайлбал, зун аялж, ажиллах хөтөлбөр гэж байдаг. Залуучуудад АНУ-аар аялж, хуулийн дагуу ажиллангаа АНУ-ын тухай сурч мэдэх боломж олгодог энэ гайхалтай хөтөлбөрөөр бид бахархдаг. Өмнө нь бид Монгол Улсаас хөдөө аж ахуйн чиглэлээр ажиллах хүч авдаг H2А виз олгодог байсан. Харамсалтай нь, уг визээр АНУ руу явсан иргэдийн зарим нь визний хугацаагаа хэтрүүлж, манай улсын хууль дүрмийг сахиагүй. Тиймээс уг хөтөлбөрийг хариуцаж байсан манай улсын Дотоодын аюулгүй байдлын яам Монгол Улсыг тус хөтөлбөрөөс хассан. Харин хөдөө аж ахуйгаас бусад салбарт ажиллахаар Н2В виз авч явсан монголчуудын статистик мэдээ сайн байгаа учраас уг хөтөлбөр үргэлжлэн хэрэгжиж байна.
-Манай улсын иргэд АНУ руу виз мэдүүлэхдээ ямар түлхүү алдаа гаргадаг вэ?
-Манай Элчин сайдын яамны тэргүүлэх зорилтуудын нэг нь АНУ-д зорчих виз мэдүүлэх процессыг аль болох амар, хялбар байлгах явдал байдаг. Виз авах шалгуурыг хангаж байвал аль болох олон хүн виз аваасай гэсэн зорилготой ажилладаг. Одоогийн байдлаар цар тахлаас болоод виз мэдүүлэгчдийг олноор нь хүлээж авч чадахгүй байх зэрэг хүндрэл байна л даа. Ингээд хэсэг хугацаанд виз мэдүүлэх өргөдөл хуримтлагдсаар байгаад нэлээд урт дараалал үүсчихсэн байна. Гэхдээ энэ нь зөвхөн АНУ гэлтгүй дэлхийн бүх улс оронд тулгарч байгаа асуудал гэж бодож байна.Одоо бидэнд виз хүсч байгаа иргэдийг эрэмбэлэх шаардлага тулгарч байгаа учраас хамгийн эхлээд оюутны виз мэдүүлэгчид, дараа нь богино хугацааны ажлын виз хүсэгчдийг, мөн солилцооны хөтөлбөрт хамрагдаж байгаа хүмүүсийг нэн тэргүүнд авч үзэх дэс дараатай байна.Визний үйлчилгээний бүх үйл явцыг хялбар, ойлгомжтой, тодорхой байлгахын тулд бид хичээн ажиллаж байгаа. Манай Элчин сайдын яамны цахим хуудаснаас виз авахад ямар шаардлага тавигддаг, ямар үйл явц өрнөдөг, ажил эрхлэхийг зөвшөөрдөг ба зөвшөөрдөггүй визний төрлүүд гэх зэрэг дэлгэрэнгүй мэдээллийг англи, монгол хэлээр олж авч болно. Миний хувьд, би хүмүүст манай цахим хуудас дахь мэдээллийг анхааралтай уншаарай гэж үргэлж зөвлөдөг. Учир нь тэдний асуултын дийлэнх асуултад манай цахим хуудас дахь мэдээлэл хариулж чадна гэдэгт итгэлтэй байдаг. Цар тахлын энэ цаг үед АНУ-д нэвтрэхэд ямар шаардлага тавигдаж байна гэдгийг мэдэхийн тулд АНУ-ын Халдварт өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн (CDC) цахим хуудас дахь мэдээлэлтэй танилцахыг зөвлөж байгаа. Мөн АНУ-ын Төрийн департаментын цахим хуудсанд аялалтай холбоотой мэдээлэл дэлгэрэнгүй байдаг. Дүгнэж хэлэхэд, визний үйлчилгээг аль болох хялбар байлгахын төлөө бид ажилладаг. Виз олгох зарим процессыг хүндрүүлж, төвөгтэй болгодог нэг зүйл бол АНУ руу тодорхой хугацааны визээр явсан хүмүүс визний хугацаагаа хэтрүүлэх, үлдэх зэргээр тухайн орныхоо хууль дүрмийг зөрчиж, хүндлэхгүй байх явдал юм. Тухайлбал, дээр хэлсэнчлэн визний хугацаагаа хэтрүүлсэн зарим ажилчдаас болоод бүхэл бүтэн нэг хөтөлбөр зогсох жишээтэй. Ямар ч улс орон өөрийн хууль тогтоомжийг зөрчсөн үйлдэл хийхийг зөвшөөрөхгүй, хүсэхгүй шүү дээ. Тиймээс Элчин сайдын яамнаас энэ чиглэлд олон нийтэд таниулах, сурталчлах зорилгоор “Хариуцлагатай аялцгаая” кампанит ажлыг хэрэгжүүлж байна. Үүний гол зорилго нь АНУ-д зорчсон хүмүүс тэнд байх хугацаандаа манай улсын хууль тогтоомжийг биелүүлж, хугацаандаа буцаж ирэхийг уриалах агуулгатай.
-Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль болж өнгөрлөө. АНУ-ын Элчин сайдын яам ажиглагчаар оролцсон. Та сонгуулийн процессыг хэрхэн дүгнэж байна вэ?
-Аливаа сонгууль гэдэг бол ардчиллын маш чухал үйл явц гэж бид үздэг. Өөрөөр хэлбэл, энэ бол ардчиллыг дахин тунхаглаж байгаа үйл явц юм л даа. Энэ сонгуульд өмнөх Улсын Их Хурлын сонгуулийн адил манай ажилтнууд Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлэн сонгуулийн үйл явцыг ажигласан. Бид Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын сонгууль ажиглах багаас тусдаа оролцсон хэдий ч энэхүү нэр хүндтэй байгууллага мөн оролцсонд бид баяртай байлаа.
-Төрийн эрх барих гурван өндөрлөгт МАН засаглаж байна. Тэгвэл нэг намд хэт их эрх мэдэл төвлөрч байгаад манай улсын зарим иргэд ихээхэн шүүмжлэлтэй ханддаг. Манай улсын ардчилал хэр бат бэх байна гэж та дүгнэж байна вэ?
-Монгол бол ардчилал бат бэх тогтсон улс орон. Би болон манай хамт олон монголчуудыг ардчиллын бүхий л агуулгыг өндрөөр үнэлж цэгнэдэг ард түмэн гэж хардаг. Хүчирхэг ардчиллын нэг чухал тулгуур, анхаарал хандуулах ёстой нэг зүйл бол сэтгүүлч таны төлөөлж буй салбар болох хэвлэлийн эрх чөлөө болон үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө ба үүнд нийгмийн мэдээллийн сүлжээ ч багтдаг. Энэ эрх чөлөө Монголд маш сайн хэрэгжиж байна гэж хардаг. Ялангуяа Монголын нийгмийн сүлжээнд өдөр бүр янз бүрийн сэдвээр хэлэлцүүлэг өрнөж байдаг, олон ургалч үзэл гарч ирдэг амьд орчин гэдгийг хэлэх нь зүйтэй байх. Албаны хүмүүс, улстөрчид нийгмийн сүлжээн дэх иргэдийн санаа бодлыг харж, ажиглаж, сонсож байдгийг би ажигласан. Зөвхөн нийгмийн сүлжээ гэлтгүй иргэд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаа нь Монгол Улсын ардчиллын чухал үзүүлэлт гэж боддог.Хоёрдугаарт, ардчилал гэдэг бол тасралтгүй үргэлжилж байдаг, байнгын өрнөлтэй үйл явц. Тиймээс ардчилал бодитойгоор өсөж хөгжих орон зайг бий болгох, мөн иргэд ардчиллаа хамгаалах хэрэгтэй. Ямар нэг байдлаар ардчилал хумигдах вий гэдгийг иргэд маш сайн анзаарч, сонор сэрэмжтэй байх ёстой гэж би боддог. Энэ бол зөвхөн танай, эсвэл манай улсын ардчилал бус, бүхий л ардчилсан орнуудын санаа тавих асуудал л даа.
АНУ-ын ОУХА-аас ардчиллыг, ардчиллын үйл явцыг дэмжих олон хөтөлбөр хэрэгжүүлдэг. Үүний нэг нь ардчиллын бас нэг чухал хэсэг болох иргэдийн оролцоог хангахад чиглэсэн амжилттай яваа хөтөлбөр юм.
-АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Вэнди Шерман өнгөрөгч сард манай улсад айлчиллаа. Айлчлалын гол үр дүнг та хэрхэн дүгнэж байна?
-Төрийн нарийн бичгийн даргын орлогч Шерманы айлчлал амжилттай боллоо. Түүнийг халуун дотноор угтан авсан Монгол талын албаныханд гүнээ талархаж байна. Манай хоёр орны харилцаа цар тахалтай энэ цаг үеийг үл харгалзан хурдацтай өргөжин тэлж байгаа билээ. Түүний айлчлал нь энэхүү ахиц дэвшилтэй байгаа харилцаагаа АНУ үргэлжлүүлэн дэмжих сонирхолтой байгааг бататгаж өгсөн юм. Тодруулбал, түүний УИХ -ын дарга Г.Занданшатар, Гадаад хэргийн сайд Б.Батцэцэг болон Гадаад хэргийн дэд сайд Б.Мөнхжин нартай хийсэн уулзалтууд Монголын ардчилсан институцийг бэхжүүлэх, тусгаар тогтнолыг бататгах, эдийн засгийг төрөлжүүлэх гэсэн сэдвүүдийн дор явагдсан билээ.Төрийн нарийн бичгийн даргын орлогч мөн Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр болон Монгол Улсын зарим энхийг сахиулагчидтай уулзсан. Соёлын сайд Ч.Номин Төрийн нарийн бичгийн даргын орлогчийг Чойжин ламын сүм музейд хүлээн авч Монголын уламжлалт соёлын өргөн цар хүрээг толилуулахын ялдамд АНУ-ын Элчин сайдын соёлын өвийг хамгаалах сангийн санхүүжилтээр явагдаж буй музейн хамгийн чухал барилгуудын нэгийг сэргээн засварлах төслийн үйл явцыг мөн танилцуулсан.Хатагтай Шерманы ЛГБТ төвд хийсэн айлчлал нь хүний эрх, хүчирхэг иргэний нийгмийн ач холбогдлыг мөн тодотгож байлаа. Товчхондоо, энэ айлчлал маш өндөр үр дүнтэй байсан бөгөөд маш тааламжтай айлчлал болж чадлаа.
-АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден манай улсад айлчлах боломжтой болов уу. Өмнө нь АНУ-ын дэд ерөнхийлөгч байхдаа манай улсад айлчилж байсан шүү дээ?
-Манай хоёр орны харилцаа маш бат бэх байгаа учраас цаашид олон айлчлал болно гэдэгт эргэлзэхгүй байна. Одоогоор хэзээ ямар айлчлал болох нь тодорхойгүй байна. Цар тахлаас болоод дэлхий даяар өндөр хэмжээний айлчлалууд зогссон, удааширсан байгаа шүү дээ. Нөхцөл байдал өмнөх шиг болоосой гэж бид хүсч байна. Байден дэд ерөнхийлөгч байхдаа 2011 онд Монголд айлчилсан нь сайхан хэрэг болсон. Монголын ардчилалтай танилцах, бид бүгдийн үнэт зүйл болох соёл уламжлал, зан заншлыг мэдрэх боломж гарсан. Түүнчлэн эрийн гурван наадмыг сонирхож, сур харваагаар харваж байгаа зураг нь цахимд их тарсан шүү дээ.
-АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагаас өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн төсөл арга хэмжээний үр дүнг та хэрхэн дүгнэж байна вэ?
Гари Роббинс: -Манай агентлаг 1991 оноос хойш сайн засаглал болон хууль дээдлэх ёсыг хэрэгжүүлэх, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих чиглэлээр олон салбарт төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж байна. Тухайлбал, Элчин сайдын дээр дурдсан “BEST” хөтөлбөр бол жижиг, дунд бизнес эрхлэгч, аж ахуйн нэгжүүдэд чиглэсэн, микро түвшинд хэрэгжиж байгаа хөтөлбөр л дөө. Энэ төсөл “Хөгжлийн шийдэл” ТББ-тай хамтарч найман аймагт хэрэгжиж байна. Өнгөрөгч зургадугаар сард энэ хөтөлбөрт хамрагдсан нэг сүүний аж ахуйн үйл ажиллагаатай очиж танилцсан талаараа Элчин сайд ярилцлагын эхэнд дурдсан. Уг ферм нь эмэгтэй эзэнтэй, таван ажилтантай юм билээ. Хэдий жижигхэн бизнес ч шууд бус утгаараа олон хүнийг ажлын байраар хангаж байгаа нь харагдсан. Хөтөлбөр хэрэгжиж эхлээд 20 сар болж байгаа ч 900 гаруй жижиг, дунд аж ахуйн нэгжүүдэд 17 сая ам.долларын зээл авахад нь дэмжлэг үзүүлсэн байна. Энэ мөнгө биднийх биш, харин Монголын банкуудын мөнгө гэдгийг хэлэх хэрэгтэй. Бид зээлд хамрагдахад нь дэмжлэг болох үүднээс төсөл бичих, төслөө хэрэгжүүлэхэд нь тусалж байна. Тэгэхээр энэ нь бидний дэмжлэгтэйгээр монголчууд монголчууддаа тусалж байгаа хэрэг юм.
-Та бүхнийг эрчим хүчний салбарт үр дүнтэй төсөл хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа гэж сонссон?
Гари Роббинс:-Энэ бол эрчим хүчний чиглэлээр хэрэгжих макро түвшний хөтөлбөр л дөө. Удахгүй хэрэгжиж эхэлнэ. Эрчим хүч үйлдвэрлэх илүү үр дүнтэй ямар арга зам байна вэ гэдгийг тодорхойлох хөтөлбөр юм. Гэхдээ том ч бай, жижиг ч бай ямар ч түвшний төсөл боловсруулахдаа бид Монгол Улсын дундаж иргэнд ямар үр нөлөө үзүүлэх вэ гэдэгт төвлөрч төслөө боловсруулж, хэрэгжүүлдэг. Бид залуучууд, эмэгтэйчүүд гэсэн хоёр бүлэгт голчлон төвлөрч хөтөлбөрүүдээ хэрэгжүүлж байна. Учир нь эдгээр бүлэгт боломж их байгааг олж харсан. Сүүлийн үед залуус, эмэгтэйчүүдийн сонгуулийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр хэд хэдэн төсөл хэрэгжлээ. Одоо залуучуудын манлайллыг дэмжих, нэмэгдүүлэх LEAD хөтөлбөр хэрэгжиж байна. Өнгөрсөн жилийн орон нутгийн сонгуульд LEAD хөтөлбөрийн 18 төгсөгч нэр дэвшиж, 11 нь сонгогдсон байна лээ. Тэдгээр залуусын намын харьяалал нь янз бүр байсныг энд дурдах нь зүйтэй болов уу. Үүнээс гадна өнгөрсөн жилийн УИХ-ын сонгуулиар эмэгтэйчүүд, залуучуудын оролцоо өмнөх ижил түвшний сонгуулиас 12 хувиар нэмэгдсэн байгаа нь бодит өсөлт юм. Сонгууль бол ардчиллын зөвхөн нэг л тал хэдий ч том утгаар нь авч үзвэл хэмжих боломжтой үйл явц.
Р.ХИШИГЖАРГАЛ
dnn.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ