Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сутай хайрханы тэнгэрийг тайх ёслолд оролцжээ
Говь-Алтай аймгийн Тонхил, Ховд аймгийн Цэцэг, Дарви сумдын нутгийн заагт оршдог мөнх цаст Сутай хайрхан уулын тэнгэрийг тайх тахилгын ёслолыг энэ сарын 7-нд боллоо.
Монгол Улсын үе үеийн Ерөнхийлөгч нар төрийн тахилгатай хайрханы тэнгэрийг тайх ёслолд ач холбогдл өгч биечлэн оролцсоор ирсэн. Энэ жишгийн дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Сутай хайрханы тэнгэрийг тайх ёслолд оролцжээ. Ерөнхийлөгч төрийн тахилгатай хайрханы тэнгэрийг тайх ёслолд хэрхэн оролцох тухай Төрийн тахилгатай уул, овооны тэнгэрийг тайх тахилгын ёслолын журамд дараах байдлаар заасан байдаг юм.
-Ёслолын ажиллагаанд Монгол Улсын төрийг төлөөлж оролцох элч төлөөлөгчийг Монгол Улсын Ерөнхийлөгч томилох бөгөөд төрийн элч төлөөлөгч нь сайдаас доошгүй албан тушаалтан байх буюу төрийн өндөр албанд ажиллаж байсан зүтгэлтэн байж болно.
-Ёслолд төрийн элч төлөөлөгчийг тухайн аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн дарга, Засаг дарга болон бусад бараа бологсод дагалдана.
-Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдын аль нэг нь өөрийн тааллаар оролцох бол тухайн ёслолд Монгол Улсын төрийг төлөөлнө.
-Төрийн элч төлөөлөгч нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг болон төрөөс илгээдэг бусад эд зүйлсийг ёслолын ажиллагаанд төрийн нэрийн өмнөөс өргөн барих үүрэг гүйцэтгэнэ.
-Тахилгын ёслолын ажиллагааг тухайн аймаг, нийслэлийн Засаг дарга удирдан явуулна.
-Ёслолыг тухайн нутгийн тахилгын овооны тус газарт /эртнээс тахиж ирсэн уламжлалтай тэр газарт/ нь үйлдэнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ