Бат-Очирын Болортуяа олимпын наадмын ХҮРЭЛ МЕДАЛЬТАН боллоо
Монголын багийн дөрөв дэх, чөлөөтийн багийн анхны медалийг Бат-Очирын Болортуяа авчирлаа.
Тэрбээр 53 кг-ын хүрэл медалийн төлөөх барилдаанд Камеруны бөх, Африк тивийн долоон удаагийн аварга Жозеф Эссомбег оноогоор цэвэр (14:4) ялсан юм.
Манай хүн хашир туршлагатай энэ бөхтэй анх удаа барилдсан нь энэ. Гэхдээ 2019 оны ДАШТ-д манай өөр нэг бөх Э.Сумъяа түүнийг оноогоор цэвэр (14:2) хожиж байсан удаатай.
Ингэснээр чөлөөтийнхөн олимпийн наадмаас 10 дахь медалиа өөрийн болгож байна. Түүнчлэн тэрбээр олимпын наадмаас медаль хүртсэн чөлөөтийн хоёр дахь эмэгтэй бөх болов. Б.Болортуяа хоёр жилийн өмнө дэлхийн дэвжээнээс медаль хүртсэн бол өдгөө ийнхүү олимп, дэлхийн медальтан гэж дуудуулах боллоо.
Монголын баг дөрвөн медальтай болсноор “Токио-2020” түүхэн өндөр амжилттай олимпийн тоонд багтах болов. Манай тамирчид “Мехико-1968”, “Москва-1980”, “Бээжин-2008” олимпоос дөрвөн медаль хүртсэн бол “Лондон-2012” олимпоос таван медальтай ирсэн билээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ