БНХАУ-ын Нанжин хотод шинэ вирусын дэгдэлт гарчээ

Хятадын Нанжин хотод ковид халдварын дэгдэлт илэрсэн талаар тус улсын хэвлэлийнхэн мэдээлж "Уханий дараа орох өргөн цар хүрээтэй тархалт" хэмээн онцолсон байна.

7 сарын 20-нд хотын хөл хөдөлгөөн ихтэй нисэх онгоцны буудалд шинэ вирус анх илэрснээс хойш 200 гаруй хүн халдвар авсан нь тогтоогдсон гэнэ.

Иймд Нанжин нисэх онгоцны буудлаас хөөрөх бүх нислэгийг 8 сарын 11-н хүртэл түр зогсоосон талаар Глобал Таймс мэдээлсэн байна.

Ийм байдалд хүргэсэнд буруутгагдаад байгаа хотын албаныхан ямартаа ч хотыг хамарсан өргөн шинжилгээ хийж эхэлжээ.

Хотын оршин суугчид, зочилж ирсэн хүмүүс гээд нийт 9.3 сая хүн амыг шинжилгээнд хамруулна гэж Синхуа дурдлаа.

Албаныхны зүгээс хүмүүст амны хаалт зүүх, нэг метрээс хол зайтай зогсох, дараалалд зогсож байхдаа хоорондоо ярихгүй байх зэрэг шаардлага тавьж байна.

Нисэх буудал дээр өндөр тархалттай Дельта хувилбарыг хянахаас гадна шинэ тохиолдлууд ийнхүү илэрч байгаа нь ачааллыг нэмсэн байна.

Нанжин хотын эрүүл мэндийн ажилтан Динг Жиэгийн хэлж байгаагаар эдгээр тохиолдол нь 7 сарын 10-ны өдөр ОХУ-ын нислэгээр ирсэн цэвэрлэгч нартай холбоотой гэжээ.

Тэдгээр цэвэрлэгч нар халдвар хамгааллын дэглэмийг ягштал баримтлаагүй гэнэ.

Одоогийн байдлаар энэ вирус нь Ченгду, Бээжин зэрэг 13 хотод тархсан байгаа нь тогтоогджээ.

Энэ шинэ дэгдэлтээс харахад Хятад вакцин нь Дельта хувилбарын эсрэг нөлөөлөх эсэх дээр хэвлэлийнхний эргэлзээг төрүүлж байна.

Хятад вакцинаар дархлаажуулалтаа өрнүүлсэн Зүүн Өмнө Азийн зарим орнууд эхнээсээ өөр үйлдвэрлэлийн вакцин сонгохоо зарлаад байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ