64 мянган хүн амтай Бермуд улсад тамирчин Флора Даффи олимпын алтан медалийг авчирлаа
Ердөө 64 мянган хүн амтай Бермуд улсыг төлөөлөн "Токио 2020" олимпын наадамд оролцож буй хоёр тамирчны нэг болох Флора Даффи эмэгтэйчүүдийн триатлоны төрөлд түрүүлж эх орондоо олимпын түүхэн дэх анхны алтан медалийг авчирлаа. Энэ нь тус улсын хувьд олимпын наадмаас авсан хоёр дахь медаль бөгөөд 1976 оны Монреалийн олимпод Бермудийн боксчин Кларенс Хилл хүрэл медаль хүртэж байжээ.
Флора Даффи олимпын алтан медальд хүрэх түүхэн замнал. Энэ олимп бол 33 настай Флорагын 4 дэх Олимп юм байна. Трэйтлоны спорт бол 1,5 км сэлж, 40 км дугуй унаад эцэст нь 10км гүйдэг эр зоригийн спорт аж. Флора анх 2008 онд Бээжингийн олимпод орохдоо тэргүүнд яваа тамирчдад тойрогдуулж, тэмцээнээс хасагджээ. Үүний дараа маш их гутарч, жин нэмж, зогсоо зайгүй иддэг синдромтой болж их спортоо хэсэг хаяжээ. Тэгээд хоёр жилийн дараа эргэн эрэлт хийж 2012 онд Лондонгийн Олимпод өрсөлдөж. Тэнд дугуйтайгаа осолдож цаг алдсанаар 45-р байраар дуусгаж. Ингээд бас л спортоо орхисонгүй. Улам ихээр бэлтгэж Рио-д цогтой сайхан өрсөлдөж бараг айрагдах шахан 8-д оржээ. Даанч нас нь нэгэнт 30 хүрч, тамирчин хүнд, тэр тусмаа бүсгүй хүний хувьд хүссэн хүсээгүй харих цаг дөхөж ирэв. Тэгсэн ч ясны тэмцэгч Флора бэлтгэлээ улам ихэсгэж зун нь Колорода мужид, өвөл нь Бермудын аралд бэлтгэл хийх болсноор амжилт дээшилж 2018 онд дэлхийн аварга болжээ. Тэр эрчээрээ 2020 оны Олимпод зодоглох байсан ч ковидоос болж Олимп хойшлов. Зөвхөн Олимп ч бус, бүх тэмцээн уралдаан зогсов. Тэр бүх хугацаанд бэлтгэлээ яс хийж, формоо хадгалж чадсанаар өнөөдөр Токиогийн онцгой халууныг, бүгчим чийгийг, шилбүүрдэн орох усан бороог ялж, бүхнээс хурдан сэлж, жийж, гүйснээр тасархай түрүүлж 33 насандаа Олимпын алтыг “гуядаж” авлаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ