Олимпын бамбар асаасан Наоми Осакагийн амьдралын сонирхолтой түүхээс
Талбайн теннисний дэлхийн шилдэг эмэгтэй тамирчин Наоми Осака 1997 онд Японы Осака хотод гаит аав, япон ээжээс мэндэлжээ. Осакагийн аав Лионард Франсуа Нью Иоркод оюутан байхдаа Японы Хоккайдод очихдоо ээжтэй нь танилцсан байна.
БАГА НАС
Тэдний гэр бүл Наомийг гурван настайд аав Франсуагийнх нь эцэг, эхтэй амьдрахаар Нью Иорк руу нүүжээ. Наомигийн аав Франсуа эгч дүү Виллиамсийн 1999 оны Францын нээлттэй тэмцээнийг үзээд өөрөө талбайн теннисний туршлага багатай ч охиддоо теннис заах хүсэл тэмүүлэлтэй болсон байна. Тэгэхдээ талбайн теннис огт тоглож үзээгүй ч охидоо дасгалжуулан дэлхийн шилдэгт багтаасан эгч дүү Виллиамсын аавыг дууриахыг зорьж, АНУ-д суурьшмагцаа хоёр охиноо дасгалжуулж эхэлжээ. Наоми ийнхүү 3 настайгаасаа эгчтэйгээ хамт теннисээр хичээллэж эхэлжээ.
Улмаар тэд 2006 онд Наомийг 8-9 настайд илүү сайн дасгал сургуулилт хийх боломж олгохын тулд Флорида муж руу нүүсэн байна.
АНУ БИШ ЯПОН УЛСЫГ ТӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР
Наоми хэдийгээр Японд ердөө гурван нас хүртлээ амьдарч, АНУ-д өссөн ч ээж, аав нь түүнийг Япон улсыг төлөөлүүлэн тоглуулахаар шийджээ. Энэ шийдвэрт нь ямар нэг хөрөнгө мөнгөний ашиг сонирхол, спортын холбооны нөлөө байгаагүй, охид нь япон үндэстэн гэдгээ ямагт мэдэрч, гаит, япон соёл уламжлалтай орчинд өссөн хүмүүс гэж ээж аав нь тайлбарлажээ.
Гэхдээ АНУ-ын талбайн теннисний холбоо (АТТХ) Наомийг бага байхад сонирхоогүй нь ингэж шийдэхэд нөлөөлсөн байж болох юм. Харин 16 настайд нь тус холбоо Наомийг үндэсний дасгал сургуулилтын төвдөө хичээллэхийг санал болгосон ч Наоми татгалзсан байна.
ХЭЛ СОЁЛ, ГЭР БҮЛ
Гаит өвөө, эмээ нь англи хэл мэдэхгүй тул Наомитой зөвхөн креол хэлээр ярьдаг, ээж нь япон хэлээр ярьдаг байжээ. Наоми 2020 оны Токиогийн олимпод Япон улсыг төлөөлөхийн тулд 2019 онд Америк биш, Японы иргэн байхыг сонгосон байна. Тэрбээр японоор ойлгохдоо сайн ч төдий л тайван итгэлтэй ярьж чаддаггүй тул хэвлэлийн бага хуралд оролцохдоо асуултаа японоор сонсоод англиар хариулдаг байна.
Япон өвөө эмээ нь эхэндээ аав, ээжийг нь суухыг зөвшөөрөөгүй тул аав, ээж нь Хоккайдогоос Осака руу нүүж, дараа нь ээж нь эмээ, өвөөтэй нь 15 жил холбоогүй байжээ. Тиймээс Наоми 11 нас хүртлээ Япон руу буцаж очоогүй, бас өвөө эмээ нь хоёр охиныг мэргэжлийн теннисчин болгох гэж хичээллүүлж буйг дэмжээгүй байна. Гэхдээ Наомийг дэлхийн чансаатай эхний том тэмцээндээ орж, Мэргэжлийн талбайн теннисний эмэгтэйчүүдийн тэмцээнд Сэм Стосуриг ялахад дэмжиж эхэлжээ.
ХУВИЙН АМЬДРАЛ
Наоми эхэндээ маш ичимхий, үг дуу цөөнтэй, хүний нүд рүү эгцэлж хардаггүй, олны өмнө үг хэлэхдээ ичиж сандран үгээ мартдаг байжээ. Гэвч ичимхий зангаа дарахыг хичээсэн байна. Мөн маш шулуухан яриатай, хошин шогийн мэдрэмжгүй бүсгүй гэнэ.
Тэрбээр АНУ-д африк гаралтай америкчуудын эрхийг зөрчсөн, амийг бүрэлгэсэн хоёр ч шуугиант хэрэг явдлын дараа тайвнаар үзэл бодол, эсэргүүцлээ илэрхийлэх хөдөлгөөнд гар бие оролцож, "Хар арьстан амьдрах эрхтэй" (Black lives matter) хөдөлгөөнийг дэмжин, дуу хоолойгоо өргөж байсан.
Америкийн рэппэр Кордай Наомигийн найз залуу.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ