Вакцин тариулаагүй, тариулсан хүмүүсийн коронавирусээр нас барж байгаа үзүүлэлтийг харьцуулжээ

      Вирус судлаач, Оросын ШУА-ийн сурвалжлагч гишүүн, Новосибирскийн улсын их сургуулийн био нанотехнологи, микробиолог, вирус судлалын лабораторийн эрхлэгч Сергей Нетесов вакцин тариулаагүй болон тариулсан хүмүүсийн дунд  коронавирусээр нас барж байгаа байдлыг харьцуулсаныг “Известия” сонинд ингэж бичжээ.  
     Хүмүүс вакцинаас үүдэлтэй сөрөг нөлөө болон хожуу илрэх үр дагавраас болгоомжилж  байна .Гэтэл вакцин хийлгээд COVID-19-өөр өвчилсөн хүмүүсийн 4 хувь нь нас барж байна. Архаг хууч өвчтэй нөхцөлд энэ тоо 2-3 дахин нэмэгддэг гэж тэр тэмдэглэжээ.
    “Спутник V” тариулаад нэг ч хүн нас бараагүй,  уг вакциныг хэрэглэж буй тэр орнууд дахь үр дүн үүнийг нотлож байна гэж эрдэмтэн дурджээ. “Нас баралтаар нь одоогийн коронавирусийг жишээлвэл, сахуутай зүйрлэж болно. Нас барж байгаагийн учир нь  зарим хүн нэг бол архаг хууч өвчтэй, үгүй бол  бол онцлог дархлаатай байдаг бөгөөд үүнээс болоод тэд халдвараар нас барж байгаа юм” гэж Нетесов онцлон тэмдэглэсэн байна.  
    Коронавируст шууд нөлөөлдөг эм бэлдмэл яагаад хараахан гараагүйг тэр бас тайлбарлажээ. Ийм эмийн судалгаа хийж, шалгаж туршихад олон жил шаардлагатай  гэж тэр хэлсэн байна. Цар тахлын дараа халдварт өвчнүүд болон вакцинд хүмүүсийн сэжиглэн хандах хандлага байхгүй болно гэж вирус судлаач дүгнэжээ. Өмнө нь Москвагийн улсын их сургуулийн биологийн факультетын вирус судлалын тэнхмийн профессор Алексей Аграновский коронавирусийн “дельта-+” штамм аюултай тухай ярьсан юм.  Их халдвартай, эмчлэхэд түвэгтэй байдлыг тэр уг штаммын онцлогт хамруулсан байна.  Коронавирусийн энэ мутацийн “эпидемийн  чадавхи” тодорхойгүй, үүнээс гадна  дэлхийд түүний халдвар авсан тохиолдлын тоо их биш байгаа юм гэж тэр хэлжээ.  Тийнхүү уг штаммын байдлыг анхааралтай ажиглаж байх хэрэгтэй гэж эрдэмтэн дүгнэсэн байна.  
    Оросын хэрэглэгчдийн эрхийг хамгаалах албаны эпидемиологийн  эрдэм шинжилгээ-судалгааны төв хүрээлэнгийн орлогч захирал, халдвар судлаач Наталья Пшеничная хөнгөн хэлбэрийн коронавирус хүнд хэлбэрт түргэн зуур шилждэгийг анхааруулжээ. ТАСС агентлаг ингэж мэдээлсэн байна. “Хөнгөн эхлэж, жишээлвэл бие бага зэрэг тавгүйрхэж, халуурч байснаа дараа нь гэнэт өвчин түргэн зуур даамжирч, уушиг болон бусад эрхтнийг хүндээр гэмтээж болно” гэж шинжээч онцлон тэмдэглэжээ.  
Коронавирус хүндрэх эрсдэлтэй байдаг настай өвчтөнүүдэд ийм явдал байнга ажиглагдаж байгаа гэж Пшеничная тайлбарласан байна. Гэвч эхний өдрүүдэд шинж тэмдэгүүдийг эс тоож, эмчид хандахыг яардаггүй  залуу хүмүүст ч заримдаа өвчин хүндэрч болно гэж халдвар судлаач дүгнэжээ. 
 Б.Атар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ