Кубад цохилт өгөх тухай АНУ-д хэрхэн тайлбарлав?

     Америкийн Майами хотын (Флорида муж улс) дарга Фрэнсис Суарез Кубад цохилт өгөхийг уриалж байгаагаа тайлбарлажээ. Тэр телевизийн MSNBC сувгийн сурвалжлагчтай  ярилцахдаа, олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр хийсэн мэдэгдлээ тайлбарласан байна.

Кубад агаараас цохилт өгөхийг би уриалаагүй, ердөө л жишээ татсан юм гэж Суарез тэмдэглэжээ.

Янз бүрийн засаг захиргааны үед дэлхий дэх цэргийн ажиллагааны  янз бүрийн талбарт явуулах ажиллагааны хувилбаруудыг хэлэлцэж байсан шүү дээ. Миний жишээ болгон дурдсан ийм нэг хувилбар нь Клинтоны засаг захиргааны үед Косовод агаараас цохилт өгч байсан явдал юм гэж тэр хэлсэн байна.

     АНУ цэргийн ажиллагаагаа идэвхижүүлж байсан хэд хэдэн жишээг тэрээр дурдахдаа,  Майами хотын хүн ард  ноцтой сэтгэл зовинож байсан тухай болон, ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаа бүхий л хувилбарыг авч хэлэлцэж байгаа гэдэгт итгэлтэй байхыг хүсч байна гэж тэмдэглэжээ. АНУ дэлхийн олон хэрэг явдалд татагдан орж байсан, тиймээс “ямарваа бодитой хөндлөнгийн оролцоогүйгээр”  манай орноос ерөн бээрт (150 орчим километр) юу болохыг харж суух хэцүү гэж хотын дарга дурджээ. Үүнээс гадна,  Суарез Америкийн агаарын цохилт хаашаа чиглэж болох тухай хөтлөгчийн асуултад хариулсан байна.

 Тэрээр:

-Би тодорхой стратегийг сурталчилаагүй, би цэргийн мэргэжилтэн биш, армийн командлалын хүн ч биш. Үнэндээ бол цэргийнхэнд байгаа чадвар юмуу мэдээ сэлт надад байхгүй гэдэг нь  ойлгомжтой байх ёстой.  Манай цэргийнхэн шийдвэр гаргана. Ийм санал шүүмжлэл ил юмуу далд  байдлаар өрнөж байгаа гэдэгт би итгэлтэй байна гэжээ.

Фрэнсис Суарез түрүүнд нь долоодугаар сарын 14-нд телевизийн  "Fox news" сувгийн нэвтрүүлэгт оролцохдоо,  Кубын одоогийн эрх баригчдыг түлхэн унагаахын тулд энэ арлын улсад цохилт өгөхийг уриалсан юм.  “Бусад олон хувилбар дээр” нэмж Кубийн эрх баригчдад шахалт үзүүлэх арга хэмжээний хувиар ийм хувилбарыг судлаж, хэлэлцэх хэрэгтэй гэж үзэж байгаагаа тэр илэрхийлсэн байна. Сүүлд нь хотын дарга “Майами геральд” сонины сурвалжлагчтай ярилцахдаа, Кубад цэргийн хүч хэрэглэн халдан довтлох боломжийг надтай хэлэлцэхээр АНУ-ын ерөнхийлөгч Жо Байденыг утасдана байх хэмээн хүлээж байснаа мэдэгджээ.

Кубийн Гадаад хэргийн сайд Бруно Родригес АНУ-ын зүгээс цэргийн хүч хэрэглэн халдан довтлох аюул байгаа тухай ярьсан байна. Кубад хүмүүнлэгийн ажиллагааны үүднээс хөндлөнгөөс оролцохыг нийгмийн сүлжээгээр уриалж байгааг цэргийн хүч хэрэглэн халдан довтлохыг хүсч буй хэрэг хэмээн үзэж болох юм гэж тэр хэлжээ.  Ингэхдээ сайд долоодугаар сарын 11-нд болсон хэрэг явдалд шууд холбогдолтой гэж АНУ-ын засгийн газрыг зэмлэж байна. Вашингтоны засаг захиргаа болсон хэрэг явдал болон түүний үр дагаварын хариуцлагыг хүлээх ёстой гэж Родригес дүгнэж хэлжээ.

    Америкийн Флорида муж улсын захирагч Рон Десантис эсэргүүцлээ илэрхийлж буй Кубачуудад туслаж, интернэтэд орох боломжийг тэдэнд олгохыг бизнесийнхэнд уриалжээ. Кубын эрх баригчид эсэргүүцлийн ажиллагааг газар авахуулахгүйн тулд тус оронд интернэтийг зориудаар хаасан юм гэж муж улсын захирагч хэлсэн байна.

Мөн үүний өмнө 7-р сарын 13-нд АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга асан Майк Помпео хэлэхдээ, АНУ Кубад болж буй эсэргүүцлийн арга хэмжээнд оролцогчдыг дэмжиж,  Засгийн газарт дарамт шахалт үзүүлэх хэрэгтэй гэж мэдэгджээ. Тэндхийн байдал сайнгүй байгааг хүмүүс мэднэ гэж тэр хэлсэн байна. Эсэргүүцлийн ажиллагааг дэмжиж, Америкийн ард түмнийг тэдний талд зогсохыг Жо Байдены тэргүүлсэн АНУ-ын шинэ засаг захиргаанд тэр уриалсан байна.

Куба дахь эсэргүүцлийн ажиллагаа нь энэ орны талаархи цаашдын бодлогод нөлөөлнө гэж АНУ-ыг мэдэгдсэний дараа Оросын ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч Мария Захарова Цагаан ордонд хандаж асуулт тавьжээ.  Тэр Францын байдлыг жишээ болгон дурдсан байна.  “Сүүлийн үед Францад өрнөсөн эсэргүүцлийн ажиллагааг хэрхэх вэ?  Харилцаанд нөлөөлөхгүй гэж үү?  Парисын гудамжинд хаалт хамгаалалт босгож, усан хөөрөг, нулимс асгаруулагч хий хэрэглэж, машин тэрэг галдан шатааж байна. Хэрвээ орчин үеийн техник хэрэгслийг эс тооцвол, жинхэнэ Бастилийг авсан өдөр болж байна” гэж Захарова бичжээ. “Энэ нь Цагаан ордноос харагдахгүй байгаа хэрэг үү?”  гэж  тэр төгсгөлд  нь асуусан байна.

Кубын эрх баригчид  олон жилийн хугацаанд анх удаа эрх баригч коммунист намыг эсэргүүцсэн өргөн олны эсэргүүцлийн ажиллагаа болсонтой холбогдуулан 7-р сарын 12-нд тус оронд онц байдал зарлажээ. Одоогийн эрх баригчидыг эсэргүүцэгчид  чөлөөт сонгууль явуулж, COVID-19-ийн цар тахалтай тэмцэх  талаар илүү шийдвэртэй  арга хэмжээ авахыг шаардаж байгаа юм. Энэ нөхцөлд тус орны нийслэлд цэрэг болон аюулаас хамгаалах хүчний нэмэлт ангиудыг оруулсан байна.

Кубын Ерөнхийлөгч Мигель Диас-Канель эрх баригчдын талынхныг бас жагсахыг уриалжээ. Эцэст нь улс орны байдлыг тогтворгүй болгохыг зөвшөөрөхгүй гэж тэр хатуу мэдэгдсэн байна.

 

Б.Атар

 

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ