Владимир Путин Украины тухай өгүүллээ яагаад бичих болсон тухайгаа юу гэж тайлбарлав?

   Оросын Ерөнхийлөгч Владимир Путин Украины тухай бичсэн өгүүллийнхээ тухай ярихдаа:
 -Бид ямар ертөнцөд аж төрж байгаа билээ, ойрын хөршүүдтэйгээ ямаршуухан харилцаатай байгаагаа анхааралтай харахыг нөхцөл байдал шаардаж байна гэж тэмдэглэжээ. Өгүүлэл нийтлэгдсэний дараа өдөр Путин өөрийн өгүүллийн цаад утга санаа, зорилгыг дэлгэрэнгүй тайлбарласан юм.  
Тэрээр “Ер нь надад яагаад ийм санаа төрсөн бэ? Бид жирийн л амьдралаараа л амьдарч, хүүхэд шуухдаа өсгөн хүмүүжүүлэх, ямар нэг хоббигоогоороо зугаацах зэргээр ажил төрлөө амжуулж, ингэхдээ уг өгүүлэлд тайлбарласан иймэрхүү шинж чанар, онцлогтой асуудлуудын талаар нэг их бодол болоод байдаггүй болов уу. Тиймээс бид   ямар ертөнцөд аж төрж, ерөөс ямар хүмүүс болох, манай ойрын төрөл төрөгсөд болон хөршүүдтэйгээ ямар харилцаатай байгааг илүү анхааралтай харахыг нөхцөл байдал шаардсан юм.  Чухамхүү үүнтэй холбоотойгоор л ийм санаа төрсөн юм” гэж тэр телевизийн “Россия 24” сувгийн нэвтрүүлгээр хэлсэн байна.
- “Би ийм материал бичихээ саяхан ч шийдээгүй, нэлээд эрт, хэдэн сарын өмнөөс энэ тухай бодох болсон юм. Энэ материалыг өгүүлэл гэж нэрлэж байгаа ч энэ нь албан ёсны нэр болохоос өгүүллийг бодвол яалт ч үгүй том бөгөөд түүхэн баримт сэлт, үйл явдал, түүхэн баримт бичгүүдэд үндэслэсэн дүн шинжилгээний материал юм” гэж Оросын удирдагч хэлжээ. “Оросууд болон Украинчуудын түүхэн эв нэгдлийн тухай” Оросын ерөнхийлөгчийн өгүүлэл даваа гарагт Кремлийн сайтад бүрэн эхээрээ нийтлэгдсэн юм.  Орос, Украины ард түмэн нэг нэгдмэл гэдэгт би итгэж, Украины хэл, уламжлалд хүндэтгэлтэй ханддаг гэж Путин хэлсэн байна. Соёлын нийтлэг өвийг  хувааж зааглах аргагүй байтал Орос, Украины  хооронд боссон хана бол нийтийн том гамшиг, эмгэнэл юм гэж тэр тэмдэглэсэн байна.  2014 онд өрнөдийнхөн  Украины дотоод хэрэгт шууд хөндлөнгөөс оролцож, радикал үндсэрхэг үзэлтнүүдийн Оросын гэх бүхнийг үзэн ядах түрэмгий бодлого нь тус орны төрийн бодлогыг тодорхойлох болсон юм гэж тэр хэлжээ.  Путин “түрэмгийлэгч орон” гэх үгийг тайлбарлахдаа, Орос улс Украины худалдааны гол гурван түншийн нэг  бөгөөд олон зуун мянган Украин хүн  ажил хийж мөнгө олохоор ОХУ-д ирдэг гэдгийг дурджээ.  Чухамхүү ОХУ-тай түншлэснээр Украин жинхэнэ бүрэн эрхт байдалтай байх боломжтой гэж Оросын ерөнхийлөгч хэлсэн байна.  Украинд олон сая хүн Оростой харилцаагаа сэргээхийг хүсч байгаа гэж Владимир Путин мэдэгджээ.  Гэтэл Оростой харилцаагаа хэвийн болгохыг зорьж буй хүчинд улс төрийн ил тод үйл ажиллагаа явуулах ямар ч боломж олгохгүй байгаа юм. Украины эрх баригчид өөрсдийн эрх мэдлийн хүрээний гадна туйлын эрх зүйт бус шийдвэр гаргаж байна гэж тэр хэлжээ.  “Хэн нэгнийг гудамжинд зүгээр л цааш нь харуулж, үүний дараа гэмт этгээдүүдийг хэн ч эрж хайхгүй байгаа бөгөөд Одесс хотод болсон тэр нэгэн эмгэнэлт хэрэг явдлын адилаар хүмүүсийг амьдаар нь шатааж байна” гэж Оросын ерөнхийлөгч дурджээ. Гэрийн хорионд байгаа Виктор Медведчукийг тэрээр жишээ болгон энд дурдсан байна.  
      Аюулгүй байдалд заналхийлж,  “Оросын эсрэг” төслийн дагуу ажил үйлдэл идэвхжиж байгаа нь Украины тухай өгүүлэл нийтлүүлэх бас нэгэн шалтгаан болжээ. Путин  өөрийн өгүүллийг хоёр орны ард түмэнд болон Украины улс төрийн удирдлагын “ивээн тэтгэгч нарт” зориулсан байна.  “Би “тэдэнд” гэх юмуу “бидэнд” гэж хоёр хуваамааргүй байна. 
     Энэ бол нэгдмэл нийтлэг байдал гэдгийг би материалдаа бичсэн. Тиймээс бид бүхэнд, тодруулвал өнөөдрийн Орост аж төрж байгаа хүмүүст болон өнөөдрийн Украинд аж төрж байгаа хүмүүст адилхан зориулсон болно” гэж Владимир Путин хэллээ.  
Б.Атар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ