Италичууд хоёр дахь удаагаа Европ тивийн аварга боллоо
Өнгөрсөн шөнө Евро 2020 тэмцээний сүүлчийн тоглолт Лондон хотын Уэмбли стадионд Англи, Италийн шигшээ багуудын хооронд өрнөж, Италичууд хоёр дахь удаагаа тивийн аварга боллоо.
Италийн үндэсний шигшээ баг 15 жилийн өмнө дөрөв дэх удаагаа дэлхийн аварга болж байсан бол 2018 оны дэлхийн аваргад оролцож чадалгүй өнжөөд байсан юм. Тэд 1968 онд Европ тивийн аварга болж байв.
Харин Англичуудын хувьд 55 жил хүлээсэн тив, дэлхийн аваргын цомоо энэ удаа авч чадсангүй. Хамгийн сүүлд 1966 онд дэлхийн аварга болж байсан тэд дахин аваргын цомыг өргөхийн тулд 2022 онд Катарт болох дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг хүлээхээр болж байна.
Тоглолт эхлээд дөнгөж хоёр минут өнгөрч байхад Английн хамгаалагч Люк Шоу гоол хийснээр “Гурван арслан”-гууд тэргүүлж эхэлсэн юм. Гэвч хоёр дахь үеийн дундуур Леонардо Бонуччи тэнцээний гоолыг хийжээ.
Багууд үндсэн цагт тэнцэж, нэмэлт цагт ганц ч гоол нэмж хийгээгүй юм.
Ингээд Евро 2020 тэмцээний аварга торгуулийн цохилтоор шийдэгдэж, 3:2 харьцаагаар Италичууд тэргүүлжээ.
Английн багаас Харри Кэйн, Харри Магуайр нар, Италийн багаас Доменико Берарди, Леонардо Бонуччи, Федерико Бернардески нар торгуулийн цохилтыг амжилттай гүйцэтгэсэн юм.
Английн 19 настай тоглогч Букайо Сака багаа аврах сүүлчийн боломжийг алдсан байна.
Өрсөлдөгчийнхөө хоёр цохилтыг хаасан Италийн 22 настай хаалгач Жанлуижи Доннарумма Евро 2020 тэмцээний шилдэг тоглогчийн алдрыг хүртлээ.
Роберто Манчинигийн дасгалжуулсан Италийн шигшээ баг 2018 оны есдүгээр сараас хойш 34 тоглолт дараалан хожсон амжилт гаргаад байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ