Токиод Олимпийн бамбарыг авчирлаа
Ёслолын арга хэмжээг Токио хотын захирагч эмэгтэй Юрико Коике нээжээ. Тэрээр олимпийн наадмын гол бэлгэдэл Японы нийслэлд ирсэнтэй холбогдуулан үг хэлсэн байна. “Энэ галыг ноднин гуравдугаар сард Грекээс Токиод авчирсан юм.
Гэвч Олимпийн наадам хойшлогдож, бид түүнийг нэг жил нандигнан хадгалж байлаа. Тийнхүү гуравдугаар сарын 25-нд Фукусима мужаас буухиа гараагаа эхлэсэн юм. Олиммпийн гал 46 мужийг дайрч, өнөөдөр Токиод ирлээ. Элдэв бэрхшээл учирсан ч, манай ард түмний хүч чармайлтын ачаар итгэл найдварын бэлгэдэл болсон гал энд ирлээ” гэж захирагч хэлсэн байна.
Буухиа цааш үргэлжлэх эхний хот нь Матида болно. Долоодугаар сарын 23 гэхэд Олимпийн гал наадам нээгдэх Токиогийн төвд эргэж ирнэ.
Ёслолын арга хэмжээ болсон цэнгэлдэх хүрээлэнгийн ойролцоо цуглаан болжээ. Цуглаанд ирсэн хүмүүс Токиод наадам зохион явуулахаа болихыг шаардсан байна. Ёслолын арга хэмжээ коронавирусийн халдвар авсан тохиолдлын тоо нэмэгдэж байгаагаас үүдээд Токиод онц байдлын горим зарласнаас хойш хэдэн цагийн дараа болжээ.
Олимпийн наадам долоодугаар сарын 23-наас наймдугаар сарын 8-нд болох юм. Уг наадам спортын төрөл (33) болон ангиллын (339) тоогоор хамгийн өргөн цараатай нь болох ёстой.
Наадамд 19 мянга орчим тамирчин оролцох төлөвтэй байна. Олимпийн наадам түүхэндээ анх удаа үзэгчидгүй болно.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ