УИХ-ын дарга Г.Занданшатар Евразийн эдийн засгийн дээд хэмжээний 24 дүгээр уулзалтад видео мэндчилгээ илгээлээ
Бүгд Найрамдах Турк Улсын “Мармара Групп” сангаас Евразийн эдийн засгийн дээд хэмжээний 24 дүгээр уулзалтыг 2021 оны долдугаар сарын 8-9-ний өдрүүдэд цахим хэлбэрээр зохион байгуулж байна. “Коронавирусийн дараах шинэ дэлхий” үндсэн сэдвийн хүрээнд зохион байгуулагдаж буй энэ удаагийн уулзалтад Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар үг хэлж, видео мэндчилгээ илгээлээ.
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хэлсэн үгэндээ,
“Дэлхий нийтийг хамарсан цар тахлын эсрэг улс орнууд бүх хүчээрээ тэмцэж байна. Хүн төрөлхтний амьдрах хэв маяг, үйл ажиллагаа эх дэлхийд асар их дарамт, ачаа болж байсныг бид илүү тодоор харж байна. Цар тахал нь цаагуураа бидэнд байгаль дэлхийгээ хамгаалж, амьдралын шинэ хэв маяг руу шилжих цаг нь болсон гэдгийг сануулж байна. Уур амьсгалын өөрчлөлтийн сорилт бэрхшээлийг даван туулах, үүнээс үүдэлтэй байгалийн гамшиг, хохирлоос урьдчилан сэргийлэхийн тулд байгальд ээлтэй, ногоон эдийн засгийг хөгжүүлэх шаардлагатай ба энэ нь цар тахлын дараах шинэ, илүү хариуцлагатай ирээдүйг цогцлоох үндэс суурь бөгөөд хамгийн үр дүнтэй арга зам юм.
Ковид-19 цар тахлын эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөө цаашид үргэлжилнэ гэсэн таамаглалыг Олон Улсын Валютын Сангаас дэвшүүлж байна. Монгол Улсын төр, засгаас КОВИД-19 цар тахлын хүндрэлийг даван туулах чиглэлээр тодорхой арга хэмжээнүүдийг авч байгаагийн дотор бие даасан хууль баталж, иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах, эдийн засгаа сэргээх цогц төлөвлөгөө, “Алсын хараа-2050” зэрэг урт хугацааны хөгжлийн бодлогыг батлан хэрэгжүүлж байна.
Сүүлийн хоёр жилийн хугацаанд дипломат харилцаа, хамтын ажиллагаа цахим хэлбэрээр өрнөж хэвшлээ. Олон улсын харилцаа, үйл ажиллагааны хэлбэр, бодит байдал эрчимтэй хувьсан өөрчлөгдөж буй энэ үед Бүгд Найрамдах Турк Улс “Дипломат үйл ажиллагааны Антальяагийн форум”-ыг санаачлан амжилттай зохион байгуулсанд баяр хүргэе. Түүнчлэн, Ковид-19 цар тахлын амаргүй энэ үед Турк Улс олон улсад хүмүүнлэгийн бодлого, үйл ажиллагаа явуулж, дотооддоо вакцин үйлдвэрлэхээр ажиллаж, энэхүү вакциныг бусад улс орнуудад оюуны өмчийн эрхийн асуудалгүйгээр үйлдвэрлэх зөвшөөрлийг олгох болсон зэргээр дэлхий нийтийн эрх ашиг, сайн сайхны төлөө оруулж буй хувь нэмрийг бид өндрөөр үнэлж байна” гээд цахим уулзалтад амжилт хүсэв.
Дашрамд тэмдэглэхэд, Туркийн “Мармара Групп” сангаас Евразийн эдийн засгийн дээд хэмжээний уулзалтыг 1998 оноос хойш жил бүр тасралтгүй зохион байгуулсаар ирсэн бөгөөд энэ нь олон улсын нэр хүндтэй яриа хэлэлцээний платформ болжээ. Энэхүү уулзалтад Ази болон Европын улс орнуудын төр, засгийн тэргүүн, парламентын гишүүд, сайд, эрдэмтэн судлаачид болон төрийн өндөр алба хашиж байсан хүмүүс оролцдог. Өмнөх уулзалтуудад манай улсаас Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын даргын түвшинд болон парламент, Засгийн газрын гишүүд оролцож иржээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ