Төсвийн тодотголыг эцэслэн баталлаа

Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар өчигдөр 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулж, холбогдох хуулийн төслүүдийг эцэслэн батлав

Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар энэ үеэр "Эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн хүрээнд 2021 оноос эрүүл мэндийн байгууллагуудын үзүүлсэн тусламж, үйлчилгээг гүйцэтгэлээр буюу Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 18 дугаар зүйлд заасны дагуу тохиолдолд суурилсан төлбөрийн аргаар Эрүүл мэндийн даатгалын сангаас төлөхөөр хуульчилсан. Харин Эрүүл мэндийн даатгалаас авсан санхүүжилтээ хэрхэн зарцуулах нь Эрүүл мэндийн тухай хуульд заасны дагуу эмнэлгийн төлөөлөн удирдах зөвлөл тухайн жилийн төсөв хэлэлцэх, төсвийн хуваарилалтыг батлах, төсвийн хязгаарт нийцүүлэн эмнэлгийн зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд хязгаар, цалингийн санг тогтоох эрхтэй.

Эрүүл мэндийн салбарт ажиллагсдын цалинг нэмэгдүүлэх асуудлыг заавал төсвийн тодотголд тусгаж шийдүүлнэ гэхгүйгээр эрүүл мэндийн санхүүжилтийн шинэ механизмыг бүрэн гүйцэд ашиглах замаар шийдэх бүрэн боломжтой. Хуулиар зохицуулсан эрх зүйн чадамж, байгаа нөөц бололцоогоо бүрэн ашиглаж чадахгүй байна" гэлээ. Улмаар эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийн нөөц бүрдүүлэх, эрүүл мэндийн салбарын эмч, ажилчдыг урамшуулах зорилгоор нийт 241.2 тэрбум төгрөг, ЭМД-ын сангаас 493.1 тэрбум төгрөг, нийт 735.1 тэрбум төгрөг төсөвлөжээ.

Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 67 гишүүний 79.1 хувь буюу 53 гишүүн дэмжсэнээр Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг бүхэлд нь эцэслэн батлав.

“Ковид-19” цар тахлын халдварын тархалт буурахгүй байгаагаас шалтгаалан иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалахад чиглэсэн тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага үүссэн, мөн 2021 оны төсөв батлахад төсөөлж байсан макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдийн төсөөлөл өөрчлөгдөж, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар тодорхойлсон төсвийн зарим тусгай шаардлагыг хангахад хүндрэлтэй нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас 2021 оны төсвийн тодотголын төслийг боловсруулан Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн гэж байлаа. Мөн энэ оны эхний таван сарын гүйцэтгэлээр төсвийн тэнцвэржүүлсэн орлого 5.3 их наяд төгрөгт хүрч, төлөвлөгөөний гүйцэтгэл 97.2 хувьтай байна. Тэнцвэржүүлсэн орлогод нийцүүлсэн төсвийн нийт зарлага 6.1 их наяд төгрөгт хүрч, төсвийн алдагдал 866.3 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 2.1 хувьд хүрсэн байна. Цар тахлын үед иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, бизнесийг дэмжих, эдийн засгийг сэргээх зорилгоор 2021 онд 3.0 их наяд төгрөг буюу ДНБ-ий 7.1 хувьтай тэнцэх санхүүжилт төсвөөс зарцуулаад байна. Зэсийн үнэ 2021 оны төсөв батлагдах үеийн төсөөллөөс нэмэгдэж байгаа бөгөөд зэсийн үнийн өсөлтөөр төсвийн орлого 572 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдэхээр байгаа боловч дийлэнх нь Төсвийн тогтворжуулалтын сан, Ирээдүйн өв санд төвлөрч, улсын төсөвт 242.0 тэрбум төгрөгийн орлого хуваарилагдах тооцоололтой байгаа юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ