Өнөөдөр 2020 оны ТОП 100 аж ахуйн нэгж тодорно

Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийг эрэмбэлэн өргөмжлөх цахим арга хэмжээ өнөөдөр 11:20 цагт болно.

Уг арга хэмжээг Монгол Улсын Засгийн газар болон Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим хамтран 20 дахь жилдээ зохион байгуулж байгаа юм. Энэ оны хувьд коронавируст халдвар /КОВИД-19/ цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж 2020 оны ТОП-100 аж ахуйн нэгжийг өргөмжлөх, эрэмбийг зарлах арга хэмжээ цахимаар болно.

ТОП 100 аж ахуйн нэгжийг эрэмбэлэхдээ Сангийн яам, Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Үндэсний статистикийн хорооны албан ёсны мэдээ, тайлан, тоон үзүүлэлтэд тулгуурлан ААН-ийн тухайн жилийн орлого, улсын төсөвт оруулсан татвар, нийгмийн даатгал төлсөн ажиллагсдын тоо, ашиг, хөрөнгийн  хэмжээ гэсэн үндсэн 5 үзүүлэлтийг чухалчилдаг билээ.

Өнгөрсөн оны хувьд Монгол Улсын ДНБ-ий хэмжээ 5.3 хувиар агшсан. Уул уурхай, олборлох салбар, үйлчилгээ, тээвэр, мэдээлэл холбоо, бөөний болон жижиглэн худалдааны салбар буурсан үзүүлэлттэй гарсан. Энэ нь ДНБ-ий хэмжээ буурахад нөлөөлсөн.

Гадаадын шууд хөрөнгө оруулалт 29 хувиар буурсан бол Татварын ерөнхий газрын мэдээллээр, 27 мянган аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа зогсоосон байна. 132 мянган аж ахуйн нэгж татварын тайлан ирүүлсэн ч үүний 98 мянган буюу 74.2 хувь нь Х тайлан ирүүлжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ