Израил улс амны хаалт зүүх журмаа дахин сэргээлээ

Израил улсад коронавируст халдварын дельта хувилбар тархаж буйгаас Засгийн газар нь дотоод орчинд амны хаалт заавал зүүх журмыг сэргээсэн байна. Уг журам баасан гарагаас дахин хэрэгжиж эхэлжээ.

Журмын дагуу битүү орчинд орохдоо, мөн гадаа задгай талбайд олон нийтээр цугласан нөхцөлд иргэдийг заавал амны хаалт зүүхийг шаардаж байна.

Израил улс 16-аас дээш насны хүн амынхаа 80 гаруй хувийг вакцинд бүрэн хамруулсан байна. Засгийн газар хязгаарлалтууд тэр дундаа дотоод орчинд амны хаалт зүүх журмыг энэ сарын 15-нд цуцалсан юм.

Сүүлийн хэдэн долоо хоногт тус улсад өдөрт бүртгэгдсэн халдварын шинэ тохиолдлын тоо хоёр оронтой тоо руу орж, буурсан. Гэвч энэ 7 хоногийн пүрэв гарагт өдөрт халдварын 228 шинэ тохиолдол бүртгэгдсэн байна.

Халдварын тоо өсөхөд Энэтхэгт анх бүртгэгдсэн коронавирусийн дельта хувилбарын тархалт нөлөөлж байгаа аж. Иймд Израилийн Засгийн газар нисэх онгоцны буудлуудад халдвараас урьдчилан сэргийлэх хязгаарлалтуудыг чангатгаж, 12-15 насны хүүхдүүдийг вакцинд хамруулахаар чармайж байна.

Гэхдээ Израилд коронавируст халдварын улмаас хүндэрсэн өвчтөний тоо бага хэвээр байгаа аж. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ