У.Хүрэлсүх:Задарсныг засагладаг ядарсныг хайрладаг төртэй байх ёстой

У.Хүрэлсүх Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөлөө.

"Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, Монголын ард түмний эрх чөлөөг эрхэмлэн хамгаалж, Үндсэн хуулийг дээдлэн сахиж Монгол Улсын Ерөнхийлөгчийн үүргийг шударгаар гүйцэтгэхээ батлан тангараглая" хэмээн тангараг өргөлөө.

Ерөнхийлөгч Х.Баттулга шинээр сонгогдсон Ерөнхийлөгчид тамгаа өргөн барьснаар У.Хүрэлсүх Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгч боллоо.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ард түмэндээ хандан үг хэллээ. Тэрээр "Эгэл жирийн жолоочийн гэр бүлд өсч төрсөн надад Монгол төрийг тэргүүлэх их хувь заяа, өндөр итгэл хүлээлгэсэн ард түмэндээ мэхийн ёсолъё. Намайг төрүүлж өгсөн бурхны орноос харж байгаа аав ээж, өвөг дээдэстээ мэхийн ёсолъё. Ард түмний захиа даалгавар, үүрэг хариуцлага хүлээн хүлээн авч байна. Нийгэмд шударга ёс тогтоохын төлөө хууль бус хүн засагладаг төртэй болохын төлөө хичээн зүтгэнэ.

 Тэрбээр “Эрхэм хүндэт ард иргэд ээ,  монголчууд бид эрх чөлөөний дуудлага, хүний эрхийн мэдрэмж шударга ёс, тэгш эрхийн зарчмаа хэзээ ч алдаж байгаагүй. Энэхүү шударга ёс үнэт зүйлийнхээ төлөө манай ард түмэн үеийн үед тэмцэж ирсэн түүхтэй. Шударга ёс тогтсон нийгэмд хүмүүс эрх, чөлөөтэй, хүсэл тэмүүлэлтэй, ирээдүйдээ итгэлтэй сэтгэл хангалуун аз жаргалтай амьдрах учиртай. Ийм л нийгэм байгуулахыг ард түмэн хүсч шахаж шаардаж байгаа. Нийгэмд шударга ёс тогтооход нэн чухал зүйл бол хараат бус шударга шүүх прокурорын байгууллага.  Иргэд шударга шүүхээр шүүлгэх, шүүгчид мэргэжлийн ур чадвар ёс зүйтэй байх, шүүх прокурорын байгууллага хууль дээдэлдэг, хараат бус хууль шүүхийн тогтолцоо болгох нэн чухал шаардлагатай байна. Миний бие нийгэмд шударга ёс тогтоохын төлөө хүн засагладаггүй, хууль засагладаг ардчилсан шударга төрийг жинхэнэ утгаар байгуулахын төлөө хичээн зүтгэх болно. Задарсныг засагладаг ядарсныг хайрладаг төртэй байх ёстой. Зөвийг эрхэмлэж, эвийг сахисан Төрийн тэргүүн байх болно” гэлээ.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ