ХХI зууны хамгийн аюултай вирусүүд
COVID-19 нэртэй шинэ коронавирус дэлхий нийтийг хамарч, тухайлбал сүүлийн үед манай оронд тархалт улам газар авч, нас барж буй хүний тоо нэмэгдсээр байгаа билээ. Гэвч энэ коронавирус нь сүүлийн хоёр мянган жилийн анхных нь биш юм. Тийнхүү бид ХХI зууны хамгийн аюултай вирусүүдийг танилцуулж байна.
Эбола
Эбола вирусээс үүдэлтэй өвчин нь хүн болон зарим төрлийн амьтанд халдварлаж болдог. Вирус нь түүний анх бүртгэгдсэн Конго улсын Эбола голын нэрээр нэрлэгдсэн юм. Тэртээ 1976 онд өвчин анх дэгдэж, харин 2014-15 онд томоохон дэгдэлт болж, АФрикийн баруун нутгийг хамарчээ. Нутгийн оршин суугчдын хүнсэндээ хэрэглэдэг сарьсан багваахай нь Эбола өвчин тархах гол эх үүсгэвэр, тээгч нь юм гэж эрдэмтэд үздэг. Вирус халдвар авсан амьтан, хүний биеийн шингэнтэй шууд хавьтсанаар тархдаг байна. Харин өвчин агаараар тархдаг нь бүртгэгдээгүй ажээ. 2014 оны дэгдэлтийн үед 11 мянган хүн нас баржээ. Харин 2019 оны зун Конгод Эбола өвчнөөр 2 мянга гаруй хүн амь насаа алдсан байна. Өнгөрсөн оны аравдугаар сард ДЭМБ Эбола өвчний эсрэг вакциныг түр бүртгэж, харин 2019 онд Орос улсад вакциныг үйлдвэрлэж эхлэжээ.
SARS ба MERS
SARS буюу амьсгалын замын хүнд бөгөөд хурц хамшинж нь уушигны хатгалгаа өвчин юм. Өвчин үүсгэгч нь SARS-CoV коронавирус. Өвчний анхны тохиолдол 2002 онд Хятадын Гуандун мужид бүртгэгдэж, 2003 онд өвчин бусад оронд тархсан байна. Өвчин амьсгалын замын вирусийн хурц халдварт өвчний маягаар эхлэж, дараа нь өвчтөнүүдийн байдал эрс муудаж байжээ. 2003 онд микробиологч Карло Урбани SARS-ын цар тахалтай тэмцэх арга боловсруулсан байна. Уг өвчний сүүлчийн тохиолдол 2003 оны зун бүртгэгджээ. Тэгэхэд 8437 хүн халдвар авсанаас 813 нь нас барсан байна. Ойрхи Дорнодын амьсгалын замын хамшинж болох MERS нь илүү аюултай байжээ. Энэ өвчнийг үүсгэгч нь MERS-CoV коронавирус юм. Дэгдэлт 2015 оны тавдугаар сард Өмнөд Солонгост эхлэжээ. Шинж тэмдэг нь гэвэл, их халуурч, ханиалгаж, амьсгааддаг байна. Ингэхдээ эхний үед онцын шинж тэмдэг байдаггүй. Дархлаа сул, уушигны архаг өвчин, чихрийн шижин, бөөрний үйл ажиллагааны дутагдалтай хүмүүс халдварт хамгийн их өртөмтхий юм. Вирусээс хамгаалах вакцин байхгүй. Өмнөд Солонгосын эрх баригчид аюултай вирусийн цар тахал дуусгавар болсныг 2015 оны долоодугаар сарын сүүлчээр зарласан юм. 2015 оны аравдугаар сард MERS-ээр нас барсан шинэ тохитолдол бүртгэгдсэн байна. 2015 оны аравдугаар сарын ДЭМБ-ын мэдээгээр, вирусийн халдвар авсан 1595 тохиолдол бүртгэгдэж, 571 хүн нас баржээ. MERS-ийн өвчлөлийн нэгээс хэдэн арав хүртэл тооны тохиолдол одоо ч бүртгэгдсээр байгаа юм. 2019 оны сүүлч – 2020 оны эхээр дэлхийд өвчний 2500 гаруй тохиолдол бүртгэгдэж, 900 гаруй хүн нас барсан байна.
Шувууны болон гахайн ханиад
Ханиадны вирус гэрийн тэжээмэл шувуунаас хүнд халдаж болох нь 1997 онд Гонконгод анх бүртгэгжээ. Тэгэхэд 18 өвчилж, зургаан хүн нас барсан байна. Харин 2003 онд цар тахал дэгджээ. 2008 оныг хүртэл 361 хүн өвчилж, 227 нь нас барсан байна. Үүнээс гадна, энэ өвчтэй тэмцэх үед олон сая гэрийн тэжээмэл шувуу устгажээ. Шувууны ханиадаар хүн нас барсан сүүлчийн тохиолдол 2014 онд Канадад бүртгэгдсэн юм. Шувууны ханиадны дэгдэлт одоо ч бүртгэгдэж байгаа ажээ. Гахайн ханиадны дэгдэлт 2009 онд Мексик, АНУ-д бүртгэгдсэн байна. Өвчин дэлхийгээр нэг тархаж, халдвар авсан тохиолдол 168 оронд нотлогджээ. Мөн тэр жил ДЭМБ гахайн ханиадыг цар тахал хэмээн зарлаж, түүнд аюулын зургаа дахь зэрэглэл (хамгийн дээд) тогтоосон байна. Хөдөлмөрийн насны хүмүүс, жирэмсэн болон чихрийн шижин, таргалалт, бусад архаг хууч өвчтэй хүмүүсийн дунд нас баралт их байдаг нь уг вирусийн онцлог юм. Ингэхдээ энэ өвчнөөр нас барах явдал улирлын ханиад томуугийнхаас цөөн юм. Гахайн ханиадаар 2500 гаруй хүн нас барсан гэх тоо баримт байдаг байна. 2009 оны намар вакцин гаргаж, 2010 оны зун ДЭМБ цар тахал дуусгавар болсныг зарласан юм.
ХДХВ ба ДОХ
Энэ шинэ өвчний тухай анхны мэдээ 1981 онд гарсан юм. Өвчнийг дархлал хомсдлын олдмол хамшинж гэж нэрлэсэн билээ. ДОХ тусах магадлалыг бэлгийн гаж харьцаа болон мансууруулах бодисын нөлөөтэй холоотой гэж үздэг юм. 1983 онд хоёр хүрээлэнгийн лаборатори – Францын Люк Монтаньегийн, АНУ-ын Роберт Галлогийн удирдлагаар хүний дархлал хомсдлын вирусийг нэгэн зэрэг нээжээ. Шинэ ретровирусийг ДОХ-той өвчтөнүүдийн тунгалгийн зангилаа болон цуснаас гаргаж авсан байна. ДОХ нь Хүний дархлал хомсдлын вирусийн халдварт суурилан даамжирдаг нь сүүлд тодорхой болжээ. Дараа нь өвчинд хүний дархлал хомсдлын вирус гэсэн нийтлэг нэр өгсөн байна. 1988 онд ДЭМБ энэ өвчинд олон нийтийн анхаарлыг хандуулахын тулд арванхоёрдугаар сарын 1-нийг ДОХ-той тэмцэх дэлхийн өдөр гэж зарласан юм. ХДХВ-ийн эсрэг вакцин байхгүй бөгөөд орчин үеийн эмчилгээ нь өвчнийг эмчилж эдгэрүүлдэггүй, харин вирусийн идэвхижлийг л бууруулж өгдөг юм. Гэсэн ч ХДХВ бол шийтгэл биш гэж эмч нар байнга хэлж байдаг. ХДХВ-тэй хүмүүсийн зарим нь эмчилгээний ачаар амьд явж байгаа юм. Одоо дэлхийд 40-өөд сая хүн дархлал хомсдлын вирус тээж яваа бөгөөд нь зарим нь ийм өвчтэйгээ ч мэддэггүй явж байна. ХДХВ нь бэлгийн замаар илүүтэй халдварлаж, тохиолдлын зарим нь мансууруулах бодис хэрэглэдэгттэй холбоотой байдаг аж.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ