Монгол Улсын төсвийн орлого 98 хувийн гүйцэтгэлтэй гарчээ
“КОВИД-19” цар тахлын улмаас эрсдэлд ороод байсан Монгол Улсын эдийн засаг сэргэж, төсвийн орлого “КОВИД-19”-өөс өмнөх үе буюу 2019 оны мөн үеийнхээс давж биелсэн байна.
Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан өнөөдөр мэдээлэхдээ, “Монгол Улсын төсвийн орлого өнгөрсөн сарын 31-ны байдлаар 98 хувийн гүйцэтгэлтэй гарсан. Энэ нь Засгийн газраас хэрэгжүүлсэн эдийн засгийг сэргээх, өсөлтийг хангах, дэмжих бодлого үр дүнгээ өгч байгаагийн илрэл. Мөн Монгол Улсын экспортын гол түүхий эдийн үнэ төсвийн төсөөлөлд тусгаснаас илүү байгаа учраас сайнаар нөлөөлж байна. Засгийн газраас урт хугацаанд сунжирсан хатуу хөл хорио тогтоогоогүйн үр дүн мөн эдийн засагт сайнаар нөлөөлж байна. Тухайлбал, ebarimt нэгдсэн системд бүртгэлтэй байдаг аж ахуйн нэгжүүдийн борлуулалтын дүн өнгөрсөн сарын 31-ны байдлаар 32 их наяд төгрөг байгаа нь 2020 оны мөн үеийнхээс 25 хувь илүү байна. Энэ мэт эдийн засгийн бүхий л салбарт нааштай үзүүлэлт гарч байгаа” гэлээ.
Эдийн засгийн сэргэлтэд Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөнд тусгасан гурван төрлийн зээл ихээхэн нөлөөлж байгаа аж. Гурван төрлийн зээлийн хүүгийн зөрүүнд 95 тэрбум төгрөг зарцуулсан ч эргээд 150 тэрбум төгрөгийн НӨАТ-ын орлого орж ирсэн гэдгийг Сангийн сайд Б.Жавхлан онцлов.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ