Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар төсвийн тодотголыг хэлэлцэнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан 08.00 цагт эхэлсэн. Өнөөдрийн хуралдаанаар энэ оны төсөвт тодотгол хийх асуудлыг хэлэлцэх юм.

УИХ дахь МАН-ын бүлэг энэ оны төсөвт баяр наадмаас өмнө тодотгол хийх шийдвэр гаргасан гэдгийг өнгөрсөн даваа гаригт бүлгийн дарга Д.Тогтохсүрэн хэлсэн. Тэрээр "Баяр наадмаас өмнө энэ оны төсөвт тодотгол хийнэ. Төсвийн тодотгол хийх зайлшгүй шаардлага үүссэн. Хүүхдийн мөнгөнөөс эхлээд. Тиймээс Засгийн газар төсвийн тодотгол хийх чиглэлээр ажиллаж байна. Удахгүй УИХ-д өргөн барина. Байр дулаан цахилгааны хөнгөлөлт бүгд яригдана" гэсэн юм.

Уг нь Сангийн сайд Б.Жавхлан “төсөвт тодотгол хийх нөхцөл үүсээгүй, төсөвт тодотгол хийх асуудлыг ярихад эрт байна” гэж мэдэгдэж байсан ч намын бүлэг нь тодотгол хийх ёстой гэж үзсэн учраас даваа гаригаас эхлэн Сангийн яамныхан төсвийн тодотгол боловсруулах ажилдаа оржээ. Ингээд өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар төсвийн тодотголыг хэлэлцээд ойрын хугацаанд УИХ-д өргөн барих юм байна.

Төсөвт тодотгол хийж хүүхдийн мөнгийг 100 мянган төгрөгөөр үргэлжлүүлэн олгох, төрөөс дааж байгаа аж ахуйн нэгж, айл өрхийн ус, дулаан, цахилгаан, хог гэх мэт таван төрлийн хөнгөлөлтийг үргэлжлүүлнэ гэдгийг хэлж байгаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ