ХҮН:Цаашид бид монголын улстөрд шинэ салхийг сэвэлзүүлэх, эрүүл улстөрийг авчирна

ХҮН-аас мэдээлэл хийлээ. Тус намын дарга Т.Доржханд "Монголчууд шинэ Үндсэн хуулийн хүрээнд анх удаа Ерөнхийлөгчөө 6 жилээр сонгож байна. Энэ удаагийн сонгууль сүүлийн 30 жилд хийгдсэн сонгуулиудаас маш ялгаатай гэж бид дүгнэж байгаа. Ямар нэгэн байдлаар бие биенийгээ гүтгэж, харлуулсан, дайрч давшилсан тохиолдол гарсангүй. Маш зардал багатай сонгууль боллоо.

Хоёрдугаарт, нийгмийнхээ хүлээлтийг хүлээн авч, Ерөнхийлөгчөөр сонгогдсон У.Хүрэлсүх танд баяр хүргэж, амжилт хүсье. Монгол төрийн эрхэм хүндтэй энэ албыг нэр төртэйгээр хашина гэдэгт итгэж байна. Мөн бидэнтэй өрсөлдсөн АН-ын дарга С.Эрдэнэ танд бас талархлаа илэрхийлж, амжилт хүсэж байна. Бидэнд саналаа өгсөн, бидэнд итгэсэн бүх хүмүүстээ баярлаж талархаж байгааг минь хүлээн авна уу. Цаашид бид монголын улстөрд шинэ салхийг сэвэлзүүлэх, эрүүл улстөрийг авчирна. Эрүүл зөв хүмүүс, монголчуудыг, монголчуудыг төлөөлж чадах хүмүүсийг нэр дэвшүүлэх болно. Бодлогоороо, зарчмаараа, үнэт зүйлээрээ өрсөлддөг үнэт зүйлийг монголын улстөрд түгээж чадна гэх итгэл үнэмшлийг авч чадлаа.

Олон хэсэг дээр манай нэр дэвшигч ялалт байгуулсан. Мөн гадаадад байгаа монголчууд маань идэвхтэй оролцож, 74.5 хувиар манай нэр дэвшигч Д.Энхбат ялалт байгуулсан байна. Бүгдэд нь баярлалаа. Манайх хандиваар цугларсан 2.1 тэрбум төгрөгийг сонгуульдаа зарцуулсан. Энэ хандивын дийлэнх хэсгийг гадаадад байгаа монголчууд бүрдүүлсэн байна. Манай нэр дэвшигч бидэнд итгэсэн бүх хүнд талархлаа илэрхийлье" гэлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ