Өнөөдөр Хатан хаан II Элизабет титмээ зүүсэн өдөр


1953 оны 06-р сарын 02-ны өдөр Лондонгийн Westminster Abbey-д 25 настай хатан хаан 2-р Элизабетд эзэнт гүрний хаан титмийг гардуулан өгчээ. Түүний эцэг 6-р Жорж хаан 1952 оны 2-р сарын 6-нд таалал төгссөнөөс хойш Их Британид харьяалагддаг бүх иргэд энэхүү ёслолыг хүлээж байсан юм. Хаан тэнгэрт хальсны дараа тодорхой хугацаа өнгөрч байж дараагийн титмийн эзнийг ёсолдог уламжлалтай бөгөөд энэ нь дараагийн титэм гардуулах ёслолыг төлөвлөх, зохион байгуулах багуудад ч хангалттай хугацаа гаргаж өгдөг аж.
Ёслолын үеэр хатан хаан тангараг өргөж, ариун тосоор адисласан нөмрөг болон залааг залахаас гадна Их Британи, Канад, Австрали, Шинэ Зеланд, Өмнөд Африк, Пакистан болон Шри-Ланкын хатан хааны титэмийг хүртэв. Хамтын нөхөрлөлийн эдгээр орон тус бүрд тэмдэглэлт өдрийн арга хэмжээ болж, дурсгалын медаль гаргажээ.
Бас нэг сонирхолтой баримт нь Британид анх удаа телевизээр шууд дамжуулсан титэм гардуулах ёслол болж түүхэнд үлдсэн бөгөөд 1937 онд эцэгт нь титэм гардуулах үед ёслолын тахнхимд телевизийн камерууд оруулахыг зөвшөөрөөгүй байна. Элизабетийн титэм гардуулах ёслол нь 20-р зууны 4 дэх бөгөөд сүүлчийн титэм байсан бөгөөд тухайн үеийн ханшаар 1,57 сая фунтийн /2019 оны ханшаар 43,427,400 фунт/ зардал гаргасан байна.
Титэм гардуулах ёслолыг 14 сарын хугацаанд бэлдсэн бөгөөд комиссын анхны хурал 1952 оны 4-р сард хатан хааны нөхөр, Эдинбургийн гүн Филипийн удирдлага дор болсон. Мөн Норфолкийн гүн Earl Marshal-ын удирдлага дор Титэм гардуулах хамтарсан хороо, Титэм гардуулах гүйцэтгэх хороод хуралдсан бөгөөд тэд ёслолыг бүхэлд нь хариуцаж байв. Ёслолын үед явах замын дагуух бүх чимэглэл болон бие бялдарын бэлтгэлийг Хөдөлмөрийн сайд David Eccles хариуцаж байсан бөгөөд тэрээр Маршал болон өөрийнхөө албаны тухай “Маршал бол продюссер, би бол тайзны менежер” гэж хэлж байжээ. Комиссын зүгээс 1952 оны 06 сард ёслол 1953 оны 06 сарын 02-нд болно хэмээн нийтэд зарласан байна.
Хааны гэр бүлийнхэн түүн дотроо хатан хааны ёслолд өмсөх хувцсыг хийхийг Norman Hartnell-д хатан хаан тушаажээ. Тэрээр хатан хааны даашинзны загварыг есөн санал дээр тулгуурлан, өөрийн санаагаа нэмж, хатан хаантай биечлэн олон уулзсаны эцэст гаргасан байна. Энэхүү загвар нь хамтын нөхөрлөлийн орнуудын бэлгэдэлт цэцэгсийг агуулсан цагаан торгон даашинз байв. Английн Тудор сарнай, Шотландын Тистл, Уэлсийн Лийк, Умард Ирландын Шамрок, Австралийн Ваттле, Канадын агчийн навч, Шинэ Зеландын Мөнгөн Ферн, Өмнөд Африкийн Протеа, Энэтхэг, Шриланкыг төлөөлсөн хоёр бадамлянхуа, Пакистаны буудай ч энд багтсан.
Хатан хааны эмээ Мэри 1953 оны 3-р сарын 24-нд нас барж харамсалтай явдал болсон ч титэм гардуулах ёслолын товыг өөрчлөөгүй юм. Учир нь 96,000 зочидын ирэх, очих зам, зогсох байрлал, хоол, унаа, бие засах газар, гудамжны чимэглэл, тоноглол, авто зогсоол, зочдын байрлах өргөөний засвар, шинэчлэлт гэх мэт зүйлс хэдүйнээ хийгдээд эхэлсэн нийтдээ 1,57 сая фаунд зарлагдахаар хатан хааны сангаас гарсан байсан билээ.
Ёслол нь өмнөх олон титэм гардуулах ёслолтой нэг ижил ордонд болж, ижилхэн шашны мяндагтнууд голлож байсан боловч шинэ хатны ёслолд хэд хэдэн эрс ялгаатай зүйлс байв.
1. ТВ-ийн шууд дамжуулалт. Хэдийгээр ерөнхий сайд Уйнстон Черчилл эсэргүүцэж байсан ч хатан хаан энэхүү санааг дэмжиснээр Их Британы иргэд уг нэвтрүүлгийг үзэхээр ТВ худалдан авч, түрээсэлж сая сая хүн үзсэн байна. Мэдээж BBC энэхүү хариуцлагатай үүргийг хүлээн шууд дамжуулалт болон бусад улсад гаргах нэврүүлгүүдийг хувилан тараах ажлыг хийсэн. Канадруу гурван ч онгоцоор хальсыг хүргэн тэндээс нь цацсан бөгөөд нэг хоногийн хоцролттойгоор үзсэн. Мөн АНУ-ын сувгууд ч Канадаар дамжуулан цацсан байдаг. Хамгийн хол Австралийн хувьд 53 цаг 28 минутын дараа Кантас нисэх онгоцоор нэвтрүүлгүүдийг хүлээн авсан байгаа юм. Ингээд шууд болон дамжуулан үзсэн нийт хүмүүсийн тоог 277 сая гэж тооцсон байна. Энэ бол дэлхий даяар хамгийн анх удаа шууд цацсан томоохон арга хэмжээ болон ТВ түүхэнд үлджээ.
2. Зохион байгуулалт. Гудамжинд цугласан 3 сая иргэд, 96,000 зочдын ирж очихыг зохицуулах, цувааны аюулгүй байдлыг хангах гэх мэт ажлыг хариуцан Их Британы өнцөг булан бүрээс болон Хамтын нөхөрлөлийн орнуудаас усан цэрэг, цэргүүд, нисэх хүчнийхэн, эмэгтэй албан хаагчид гэх мэт 29,000 сайн дурынхан гудамжны хамгаалалтанд зогссон байлаа. Гудамжны өнцөг булан бүрд 200 гаруй өсгөгч зоож радиогоор болон гудамжны хүлээн авагчидруу Westminster Abbey-д болж байгаа үйл явдлыг 750 тайлбарлагч 39 хэл дээр дамжуулж байв. Энэхүү шууд цацалтыг дэлхий даяар хорин сая гаруй хүн хүлээж авсан байна. Букенгемийн ордноос цувааны хамгаалалт гарч анхны сүйх тэргэнд хатан хаан ээжийн хамт суусан байв. Хатан хаан Канадын оёдолчдын бүтээсэн 5,5 метр урт хилэн нөмрөг нөмөрсөн байсан бөгөөд түүнийг нь зургаан дээд угсааны хатагтай нар барьж явсан байна. Хатан хаан болон Их Британы язгууртнууд, Тонгагийн хатан хаан, Хамтын нөхөрлөлийн орнуудын ерөнхий сайд нар, бусад ханхүү, гүнж нар, хатан хааны ээж гэсэн цуваа 8 км орчим зам туулахад өмнө нь цэргийн 4 хөгжмийн хамтлагаар удирдуулсан колончлолын ангиуд, хамтын нөхөрлөлийн орны цэргүүд, хааны нисэх хүчин, Британы арми, хааны тэнгисийн цэргийн анги, эцэст нь ордны хамгаалалтын бригадынхан нийлсэн 15,800 эгнээ парад явсан байна. Парадын цуваа 3,2 км урт байсан бөгөөд нэг цэгийг дайран өнгөрөх хугацаа нь 45 минут байжээ.
3. Зочид: Ёслолын ордонд хамгийн дээд зэрэглэлийн 8,000 зочин суудлаа эзэлсэн бөгөөд Улс бүрийн хаад, хатан хаадууд, ерөнхийлөгч, ерөнхий сайд хийгээд Британы хаан угсааны болон улс төрийн зүтгэлтнүүдэд энэхүү суудал оногдсон. Сонирхолтой нь тэд ёслолын үеэр сууж байсан сандлаа худалдан авах боломжтой байсан бөгөөд үүнээс орсон орлого нь ёслолын санхүүжилтэд нэмэрлэгдсэн байна.
4. Ёслол: Хатан хаан танхимд орж ирээд эхлээд залбирч дараа нь үл хөдлөх хаан суудалд суув. Үүний дараагаар эртнээс уламжлагдан ирсэн шашны зан үйлүүд хийгдэж, хатан хаан Библи барин тангаргаа өргөсөн. Үүний дараа хаант төрийн бэлгэдэл болох загалмайтай бөмбөлөг, таяг тэргүүтнийг барин ариун тосоор адисласан нөмрөг, залаа бүхий малгайг агсав. Ингээд буцаж суудалдаа суусных нь дараа титэм зүүлгэхээс өмнө магнай дээр нь эцэгийн титмээс улбаалсан загалмай зурсан бөгөөдяг энэ хэсгийг хатан хааны хүсэлтээр ТВ-ээр шууд дамжуулаагүй байна. Мөн түүнд төрийн сэлмийг гардуулав. Ингээд хатан хааны бөгжийг зүүлгэж бүх цугалсан зочид “Бурхан хатныг авраг” гэж гурвантаа хэлэх мөчид титмийг тэргүүнд нь залжээ. Энэ үед Лондонгийн цамхагаас 21 удаа их буугаар буудан ёслосон байна. Ингээд хатан хаан залбирал үйлдсэнээр бүх хаан төрийн билэгдлүүдийн хамт танхимыг орхисон байна.
Энэхүү ёслол нь 1953 оны 6-р сарын 15-ны өдөр Тэнгисийн цэргийн жагсаал болон 300 онгоцны нислэг явагдсанаар бүрэн өндрөлсөн бөгөөд титм гардуулах ёслолд зориулан улс орон бүр өөр өөрийн онцлогтой баярын арга хэмжээ зохион үнэгүй чихэр тарааж, одон гаргаж, мод тарьж, уралдаан тэмцээн зохион байгуулсан бол хамгийн утга төгөлдөр бэлэг нь Эверестийн оргилд Британы баг буюу Хиллари, Норгай нар гарсан хэмээх мэдээ ёслолын өдөр ирсэн нь байлаа.

May be an image of one or more people and people standing


May be an image of one or more people and people standing


May be an image of indoor

СЭТГЭГДЭЛ БИЧИХ