АН-аас нэр дэвшигч С.Эрдэнийн мөрийн хөтөлбөрөөс ОНЦЛОХ НЬ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд Ардчилсан намаас “Дарангуйлалгүй Монгол” уриатайгаар нэр дэвшигч С.Эрдэнийн “Хувь хүний эрхийг дээдэлсэн ардчилсан Монгол” мөрийн хөтөлбөрөөс онцлох зүйлсийг хүргэж байна.

ҮНДЭСНИЙ ЭВ НЭГДЭЛ – АРДЧИЛСАН ТӨР

•Иргэн бүр эрхэлж буй ажил, албан тушаал, нийгмийн байдал, хөрөнгө мөнгөний хэмжээнээсээ үл хамаарч хуулийн өмнө тэгш эрхтэй байх, хариуцлагыг шударгаар хүлээлгэдэг шударга шүүхийн тогтолцоог бүрдүүлэх шинэтгэлийг тууштай үргэлжлүүлнэ.
•Торгодог, шийтгэдэг бус дэмждэг, зөвлөдөг, урьдчилан сануулдаг, хамтран ажилладаг ардчилсан төрийн соёлыг түгээн дэлгэрүүлнэ.  
•УИХ, Засгийн газар, иргэний нийгмийн байгууллага, иргэн хоорондын хамтын ажиллагааг шинэ түвшинд хүргэж, худал  улстөржилт, намчирхал, хийрхэл нь үндэсний эв нэгдэлд ноцтой хохирол учруулах, нийгмийг хуваагдалд хүргэх аюултай гэсэн үзэл санааны хүрээнд эрүүл бус аливаа талцалын эсрэг зогсож, таслан зогсоох дорвитой ажлуудыг санаачилна.
•Нэг нам, олонхийн хүч түрэмгийлж, Монгол Улсын язгуур эрх ашиг, Монгол хүний эрх, эрх чөлөөний эсрэг аливаа дэглэмийг үл тэвчиж, төрийн тэргүүний хувьд УИХ-аар хэлэлцэж байгаа  хуулийн төсөл, бодлогын асуудалд байнгын хараа хяналт тавьж ажиллана.
•УИХ-ын чуулган, Засгийн газрын хуралдаанд сар бүр тогтмол оролцож, нийт иргэдэд Монгол хүний эрхийн нөхцөл байдал, улс орны дотоод, гадаад байдлын нэн чухал асуудлаар мэдээлж, Ерөнхийлөгчийн бүрэн эрхэд хамаарах төрийн бодлогын асуудлаар УИХ, Засгийн газарт санал оруулж, шаардлагатай тохиолдолд улс орны чанартай хойшлуулашгүй чухал асуудлыг хэлэлцүүлэхээр УИХ-ын ээлжит бус чуулган чуулахыг санаачилна.
•Ардчилсан төрийн үйл ажиллагааны залгамж чанар, тогтвортой бодлогыг дэмжих чиглэлээр ажиллана.

МОНГОЛ ХҮН-МОНГОЛ УГСААТАН

•Хүний эрх, эрх чөлөөг хамгаалагч Ерөнхийлөгч байна.
•Монгол хүн монголдоо хүссэн цагтаа саадгүй ирэх, ажиллах амьдрах, сурч боловсрох таатай нөхцөл бүрдүүлэхийн төлөө ажиллана.
•Монгол Улсын иргэн бус монгол хүнд харьяатын иргэншил авах асуудлаар онцгой анхаарна. Гадаад улсад ажиллаж, амьдарч байгаа мөн эцэг эх нь монгол гаралтай монгол хүн бүрийн эрх, эрх чөлөө, эрх ашгийг анхаарч, дэмжлэг үзүүлж ажиллана.
•Жендэрт суурилсан хүчирхийлэл, ялгаварлан гадуурхал, бэлгийн дарамтыг арилгах санаачилга, манлайллыг дэмжинэ.
•Хувьцаатай иргэн төслийг санаачилж, Төрийн өмчит аж ахуйн нэгжийг нээлттэй хувьцаат компани болгон биржээр иргэддээ хувьчилж, хувьцааг нээлттэй хулдалдаалж ил тод, засаглалыг нэвтрүүлнэ.
•Монгол үндэстний баялаг түүхээс сэдэвлэсэн кино, урн бүтээл, контентуудыг бүтээх, түгээх, сурталчилах аливаа санаачилгыг дэмжинэ.
•Чөлөөт хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүйг дэмжин хамгаалж, эрүүл, зөв нийгмийн уур амьсгал, харилцааг бүрдүүлэхийг зорино.

ГАДААД ХАРИЛЦАА – ТӨВИЙГ САХИХ ЧИГЛЭЛ БҮХИЙ БОДЛОГО

•Мөнхийн хоёр хөрштэй харилцах уламжлалт бодлогыг тууштай баримтлахын зэрэгцээ гурав дахь хөршийн бодлогыг шинэ төвшинд гарган эрчимжүүлэх зорилгыг хэрэгжүүлж ажиллана.
•Гадаад бодлогыг нэг цонхоор хэрэгжүүлэх, төрийн дипломат бодлого залгамж халааг хэлбэрэлтгүй сахина.
•Монгол төрийн гадаад бодлогыг зөөлөн хүчний аргаар урагшлуулахад онцгой анхаарч, энэ талаар бодомжит бүх гарц сувгийг ашиглана.
•Монгол Улс ба Европын холбооны хоорондын харилцааг шинэ шатанд гаргана. Тухайлбал “Шенгений ханыг нураах” уриатайгаар ажиллана. 2027 он гэхэд буюу 6 жилийн дараагаас МУ-ын иргэдийг Европын холбооны гишүүн орнуудад визгүй зорчдог болгох бодлого баримтлан ажиллана.
•Гуравдагч хөршөөс орж ирж буй хөрөнгө оруулалтад онцгой анхаарна.
•Төрийн тэргүүний хувьд НҮБ-ын хуралд тогтмол оролцож, Монголын байр суурийг идэвхтэй илэрхийлнэ. Гуравдагч хөршийн бодлогыг тууштай баримтлана.  



БАТЛАН ХАМГААЛАХ

•Мэргэжлийн цомхон, чадварлаг армийн бодлогыг хэрэгжүүлэхээс гадна кибер аюулаас хамгаалах мэргэшсэн анги нэгтгэлтэй болох орчин үеийн техник хэрэгслээр хангах ажлуудыг шат дараалалтайгаар хэрэгжүүлнэ.
•Байгалийн гамшиг, цар тахал, халдварт өвчнийг даван туулах, техник технологи, хүн хүч болон зохион байгуулалтын чадавхыг сайжруулж стратегийн нөөц бүрдүүлэх ажлыг дэмжинэ.
•Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн хувьд “Хүчирхэг, хурдтай арми” санаачилгын хүрээнд таван шинэчлэлийг эхний 100 хоногт хийнэ.

ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ

•Монгол Улсын Үндсэн хууль, Үндэсний аюулгүй байдлын тухай хууль, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг тууштай хэрэгжүүлэн ажиллах бөгөөд Монгол үндэстний өөрийн уламжлалт үзэл санааг тууштай хамгаална.  
•ҮАБ-д Монголын улс төрийнийн намуудын төлөвшил, хөгжил чухал ач холбогдол, ядуурал, байгалийн баялаг,  уул уурхай, санхүүгийн зах зээл зэрэг салбар бүрт анхаарна. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг чадавхжуулна.

“Хувь хүний эрхийг дээдэлсэн ардчилсан Монгол” мөрийн хөтөлбөрийг бүрэн эхээр нь ЭНД дарж үзнэ үү.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ