Д.Энхбат:Монголчууд шинэ мөрөөдөлтэйгээр шинэ замаар явахыг хүсч байгаа

Нэр дэвшигч Д.Энхбат “Зөв хүн электорат” эвслээс Дангаасүрэнгийн Энхбат миний биеийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлсэн. Мөрийн хөтөлбөрийн дагуу, мөн дэмжигчид, хамртан зүтгэгчдийн хүсэл мөрөөдлийг тусгасан хөтөлбөрийн дагуу би энэ сонгуульд оролцож байна. Энэ сонгуулиар бид Монгол Улсынхаа ардчиллыг хөгжүүлэх, нийгэм эдийн засгийг улам төгөлдөржүүлэх, ялангуяа Монголынхоо иргэдийн  амьжиргааг дээшлүүлэхийн төлөө, шударга ёсны төлөө, авлигатай тэмцэхийн төлөө, Монголын 3 сая иргэн болгоныг Монгол Улсынхаа хөгжилд идэвхтэй оролцуулахын төлөө хөтөлбөртэйгөөр оролцоно. Бид удахгүй 20 аймаг, бусад хотуудаараа дэмжигчид, сонгогчидтойгоо уулзаж, ажиллах болно. Монгол Улс маань их сонголтын өмнө ирж байна. Бид 30 жилийн ардчиллыг ардаа үлдээлээ. Одоо дараагийн 30 жил яаж амьдрах вэ, дэлхий дээр ямар байр суурь эзлэх вэ, залуучууд хүүхдүүддээ ямар өв үлдээх вэ гэсэн ийм шинэ сонголтын өмнө ирж байна. Дэлхий ертөнц ч өөрчлөгдөж байна. Тэгэхээр бид өнөөдөр Монгол Улс өөрийн туулсан замаа эргэж хараад, шинэ үедээ итгэж мэдлэг чадвар, тхнологид итгэж, XXI зууны үеийн шинэ Монголыг байгуулна гэж итгэж ажиллах ёстой гэж бодож байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч өөрийн тодорхой үүрэг, функцүүдтэй. Монголын төрийн нэгдмэл байдлыг хадгалж, Монголын гурван сая салаа мөчрүүдийнхээ уялдааг хангаж, Монголын төрийн гадаад тулгуур бодлогуудын залгамж халааг өвлөж, Монголын ард түмнийхээ төлөө зүтгэхээр бид сэтгэл шулуудаад байна. Энэ сонгуульд бид шударгаар, нээлттэйгээр, аль болох олон хүнд хүрч ажиллахыг хичээх болно. Манай сонгогчид өөрсдийнхөө мэргэн сонголтыг хийнэ байх аа.

Бид монголчууд шинэ мөрөөдөлтэйгээр шинэ замаар явахыг хүсч байгаа гэдэгт гүнээ итгэж байна. Тийм учраас нам бус, инженер миний биеийг энэ эвслээс олон түмнийхээ санал асуулгаар тодруулсан билээ. Бидний хамгйн эхний алхам бол, хэрвээ бид Ерөнхийлөгчийн институцийг байгуулах эрх авч чадвал, Ерөнхийлөгчөөр би сонгогдвол өмнө гаргасан санаачлагын дагуу нам бус, нас хүйс үл харгалзан, Монголын хамгийн чадалтай туршлагатай хүмүүсийг оролцуулсан шинэ багийг байгуулан ажиллах болно. Энэ баг маань нэг намын бус Монголын баг байх болно" гэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ