Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа өнөөдөр эхэлж байна

2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа өнөөдөр /2021.05.24/-өөс албан ёсоор эхэлж байгаа бөгөөд Сонгуулийн ерөнхий хорооноос нэр дэвшигчдэд үнэмлэх гаруулна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн дагуу нэр дэвшигчдэд үнэмлэх гардуулснаар сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлдэг зохицуулалттай. Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.6-д “Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчийн баримт бичгийг хүлээн авах хугацаа дууссанаас хойш гурав хоногийн дотор бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэж тогтоол гаргана” гэж заасны дагуу Сонгуулийн ерөнхий хороо 2021 оны тавдугаар сарын 7-ны өдөр хуралдаж нэр дэвшигчийг бүртгэж, үнэмлэх олгохоор болсон.

Сонгуулийн ерөнхий хорооноос МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх, АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ, Зөв хүн электорат эвслээс нэр дэвшигч Д.Энхбат нарт 10.30 цагаас эхлэн нэр дэвшигчийн үнэмлэх олгох юм байна. Мөн энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид 14 хоногийн хугацаанд сурталчилгаагаа орон даяар явуулах бөгөөд цаг хугацааны хувьд богино, улс даяар covid-19-ийн халдвар тархсан хүнд нөхцөлд сурталчилгаагаа явуулах юм.

Сонгуулийн сурталчилгааны үед болон нам, эвсэл, нэр дэвшигчийн ухуулах байранд халдвараас сэргийлэх /халдваргүйжүүлэлт, агаар сэлгэлт, чийгтэй цэвэрлэгээг тогтоосон хугацаанд хийх, иргэдийн халууныг хэмжих, ариутгагч бодисоор хангах, хоорондын зай бариулах, санал авах байр сэжигтэй тохиолдлыг түр тусгаарлах өрөөтэй байх гэх мэт/, сэжигтэй тохиолдол илэрсэн үед авах арга хэмжээ, нам, эвсэл, нэр дэвшигчийн эрх, үүргийг журамд нарийвчлан тусгажээ.

Сонгуулийн үед халдвараас урьдчилан сэргийлэхдээ:

  • Хүний амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдал, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, халдвараас урьдчилан сэргийлэх
  • Ил тод, хариуцлагатай байх
  • Ялгаварлан гадуурхахгүй, гутаан доромжлохгүй байх
  • Байгууллага хоорондын хамтын ажиллагааг хангах
  • Хүний нэр төрийг хүндэтгэн харьцах зарчим баримтлана.

Журамд зааснаар сурталчилгааны үед уулзалт, хурал, цуглаан зохион байгуулах байр, танхимыг урьдчилан цэвэрлэж, халдваргүйжүүлэлт хийнэ. Мөн оролцогч бүр амны хаалт заавал зүүж, хүн хоорондын зай 1.5 метрээс доошгүй байх ёстой.

Уулзалт, хурал, цуглаан хийх байр, танхим, гадна талбайд оролцогчдод зориулсан сандал заавал байрлуулах бөгөөд суудал хоорондын зай 1.5 метрээс доошгүй байна. 

Иргэдийн биеийн халууныг зайнаас хэмжиж, гарыг нь халдваргүйжүүлэхийг  тухайн нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллагын ажилтан, нэр дэвшигчийн менежер, шадар туслагч хариуцна. Сонгогчидтой хийх уулзалт, хурал, цуглааныг богино цагаар (нэг удаагийн уулзалт, хурал, цуглаан 2 цагаас хэтрэхгүй) зохион байгуулна. Халуунтай, ханиалгах, бөөлжих зэрэг шинж тэмдэгтэй хүнийг эмнэлэгт хандахыг зөвлөж, гэрт нь буцаана.

Сонгогч амны хаалтгүй бол нэг ширхэг амны хаалт өгч болох бөгөөд амны хаалт сурталчилгааны шинжтэй байхыг хориглоно. Сурталчилгааны хэвлэмэл материалыг айл өрхөд тараах бол гэр бүлийн гишүүдтэй харьцахгүйгээр, хаалганы гадна талд үлдээнэ.

Засгийн газрын хуралдаанаар мөн зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх хүсэлтийн маягтыг баталсан. Тусгаарлах байранд тусгаарлагдсан, хэвтэн эмчлүүлж байгаа, гэрээр тусгаарлагдсан, тусгай чиг үүргийн дагуу ажиллаж байгаа сонгогч хүсэлт гарган зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар саналаа өгөх боломжтой. Түр журмын талаар Сонгуулийн ерөнхий хороо дэлгэрэнгүй мэдээлэл өгнө.

Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж буй гурван эрхмийн товч намтрыг харьцуулан мэдээлж байна. МАН-аас нэр дэвшиж буй У.Хүрэлсүх "Баялагтаа эзэн Монгол", АН-аас нэр дэвшиж буй С.Эрдэнэ "Дарангуйлалгүй Монгол", "Зөв хүн электорат" эвслээс нэр дэвшиж буй Д.Энхбат "Монгол чадна" уриатайгаар сурталчилгаагаа эхлүүлж байна.   Хуулийн дагуу сонгуулийн сурталчилгаа 15 хоног үргэлжлэх бөгөөд зургаадугаар сарын 8-ны 00.00 цагаас өмнө зогсоох ёстой. Улмаар Ерөнхийлөгчийг сонгох санал хураалт зургаадугаар сарын 9-нд 07.00-22.00 цагт болох юм. Харин гадаад улсад оршин суугаа иргэдийн саналыг тавдугаар сарын 30, 31-нд, зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал өгөх иргэдийн саналыг зургаадугаар сарын 8-нд авна. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ