М.Тулгат:Ерөнхийлөгчийн сонгуулийг хойшлуулах шаардлагыг СЕХ-нд хүргүүлж байна
2020 оны сонгуулийн будлианыг шалгаж тогтоох хүртэл Ерөнхийлөгчийн сонгуулийг хойшлуулах шаардлагыг М.Тулгат тэргүүтэй АН-аас өнөөдөр СЕХ-нд хүргүүллээ. Үүнтэй холбогдуулан АН-ын зүгээс мэдээлэл хийлээ.
АН-ын дарга М.Тулгат "УИХ, орон нутгийн сонгуульд нөлөөлсөн болох нь маш олон баримтаар дэлгэгдэж байна. Өчигдөр бидний мэдээлж байсанчлан программд халдаж захиалгатайгаар УИХ-ын гишүүдийг ялуулах үйлдэл явагдсан. Үүнийг 6 сар шалгаж хохирогчгүй хэрэг байна гэж хаасан. Хэрэв ард түмний сонголтод, сонгуулийн үр дүнд нөлөөлж байгаа бол Ерөнхийлөгчийн сонгууль явуулах утгагүй. Иймээс АН-ын мэргэжлийн байгууллага, 2020 оны УИХ, орон нутгийн сонгуульд нэр дэвшиж хохирол амссан улс төрийн намууд болон бие даагчдын төлөөллөөс бүрдсэн онц зөвлөл байгуулахыг шаардаж байна. Мөн энэ асуудлыг тодорхой болгох хүртэл Ерөнхийлөгчийн сонгуулийг хойшлуулах шаардлагыг тавьж байна" гэлээ.
Түүнчлэн Нийслэлийн Ардчилсан намын дарга Э.Бат-Үүл "2020 оны УИХ, орон нутгийн сонгуулийн үр дүнг луйвардсан гэдэг нь олон баримтаар нотлогдсон. Төрийн эрх мэдлийг хууль бусаар авдаг жишиг тогтож байгаа нь ардчилалд том аюул учруулж байна. Ийм луйврын сонгуулийг засахаас нааш сонгуульд орно гэдэг төрийн эрх мэдлийг хууль бусаар авч байгаа явдлыг хүлээн зөвшөөрч түүнийг хууль ёсны мэт харагдуулна. Энэ байдалтай эвлэрэхгүй" гэж өөрийн байр сууриа илэрхийллээ.
Төрийн эрх мэдлийг хууль бусаар авсан энэ хэргийш үргэлжлүүлэн шалгах хэрэгтэй. АН-ын зүгээс энэ асуудлаар өргөдөл гомдлоо үргэлжлүүлэн гаргаж, хэргийн үнэн бодит байдлыг илрүүлэхийн төлөө ажиллана гэдгийг намын удирдлага хэллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ