Улсын онцгой комисс хуралдаж байна

Улсын Онцгой комисс (УОК) өнөөдрийн хуралдаанаараа тавдугаар сарын 22-ноос зарим аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг эхлүүлэх, хязгаарлалтыг сулруулах асуудлыг хэлэлцэж байгаа ажээ.

Улсын Онцгой комиссын даргын 2021 оны тавдугаар сарын 19-ний өдрийн 46 дугаар тушаалаар “Хот болон орон нутаг хооронд иргэдийн зорчих хөдөлгөөнийг зохицуулах түр журам”-ыг шинэчлэн баталсан. Энэхүү журам нь тавдугаар сарын 22-ноос хэрэгжих бөгөөд хот болон орон нутагт зорчигчоос дараах бичиг баримтыг шалган, халдвараас сэргийлэх дэглэмийг мөрдүүлж нэвтрүүлнэ. Үүнд:

-Covid-19-ийн эсрэг вакцинжуулалтын бүрэн тун авснаас хойш 14 хоногийн хугацаа өнгөрсөн нотлох баримт,

-Сүүлийн 4 сарын хугацаанд коронавируст халдвараар өвчилж эдгэрсэн эрүүл мэндийн байгууллагын магадалгаа,

-Covid-19-ийн тохиолдол бүртгэгдээгүй орон нутаг /аймаг, сум/-аас зорчих хөдөлгөөн эхэлсэн болон энэхүү журмын 2.1.1, 2.1.2 –т заасан баримт бичигтэй зорчигчоос бусад тохиолдолд коронавируст халдварын PCR шинжилгээний сөрөг хариу /шинжилгээ өгсөн өдрөөс 3 хоногийн хугацаанд хүчинтэй/, эсхүл антигенд суурилсан түргэвчилсэн шинжилгээний сөрөг хариу /шинжилгээ өгсөн өдрөөс 2 хоногийн хугацаанд хүчинтэй/,

-Иргэний үнэмлэх болон хувийн мэдээллийг нотлох бусад баримт бичиг,

-0-17 насны хүүхдээс коронавируст халдварын PCR болон антигенд суурилсан түргэвчилсэн шинжилгээний сөрөг хариу шаардахгүй бөгөөд шалган нэвтрүүлэх хяналтын цэгүүдэд асуумж авч, биеийн халууныг үзэж, Covid-19-ийн эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд хүүхдээс заавал түргэвчилсэн шинжилгээ авч, холбогдох хариу арга хэмжээг тухайн орон нутгийн Онцгой комисс хариуцан зохион байгуулна.

-Сүүлийн 4 сарын хугацаанд Covid-19-өөр өвчилж эдгэрсэн, вакцинжуулалтын бүрэн тунд хамрагдснаас хойш 14 хоногийн хугацаа өнгөрсөн зорчигчоос төрийн байгууллага, улсын болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага, аж ахуйн нэгж, авто тээврийн шалган нэвтрүүлэх хяналтын цэгүүдэд PCR болон түргэвчилсэн шинжилгээний сөрөг хариу шаардахгүй.

-Covid-19-ийн тохиолдол бүртгэгдээгүй орон нутаг /аймаг, сум/-аас зорчих хөдөлгөөн эхэлсэн зорчигчоос эрүүл мэндийн асуумж авч, халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэн ажиллана гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

УОК-оос гаргасан шийдвэрийг эргэн мэдээлэх болно.

Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвөөс өнөөдөр Улаанбаатар хотод суурин 55 цэгт, явуулын 57 автобусаар 162 багийн 924 эмч, ажилтан ажиллаж, 29879 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөсөн. Мөн иргэд олноор үйлчлүүлдэг “Нарантуул”, “Хархорин”, “Шинэ сандэй”, “Сандэй плаза”, “Шөнийн зах”, “Дүнжингарав” зэрэг  барааны худалдааны төвүүд, “Бөмбөгөр”, “Содон бөмбөгөр”, “Алтжин бөмбөгөр” зэрэг худалдааны төвийн барааны тасгуудыг тавдугаар сарын 22-нд нээхээр бэлтгэл ажлыг хангаж эхэлжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ