Х.Нямбаатар: Хуулийн эчнээ, оройн ангийг төгссөн хүмүүст бакалаврын зэрэг олгохгүй

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцэж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг "Төрийн бус байгууллагын тухай хуулийг нэлээн байгууллагажсан маягтай л оруулж ирж байна. Хуульч гэдэг хүмүүс сүүлийн үед анхаарал татдаг боллоо. Хуульчдыг бэлтгэж байгаа систем нь буруу байна. Эчнээ, орой гэдэг эрт дээр үеийн систем, ойлголтоосоо салж болохгүй юу. Хуулийн бакалавр гэдэг ойлголтоос салаач ээ. Оройгоор сураад хуульч болно гэж юу байх вэ дээ. Бусад мэргэжлийн бакалавр суурьтай хүмүүсийг цааш бэлдээд хуульч болгомоор байгаа юм" гэлээ.

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар "Энэ удаа бид энэ асуудлыг хөндөж оруулж ирж байгаа. Өөрөөр хэлбэл, эчнээ оройн ангиар бакалаврын зэрэг олгохгүй байна гэдэг асуудлыг Хуульчийн эрхзүйн байдлын тухай хуулинд тодорхой тусгаж оруулж ирж байгаа. Хуульч бэлтгэхдээ боловсронгүй болгох, бакалаврын зэрэг олгохдоо заавал магадлан итгэмжлэгдсэн хуулийн их дээд сургуулиудаар төгсгөдөг байх зохицуулалт оруулж ирж байгаа. Эчнээ, оройн ангиар эрхзүйч бэлтгэсэн тохиолдолд зөвхөн диплом /мэргэжлийн үнэмлэх/ олгохоор хуульчилж өгсөн" гэв.

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ