АН-ын бүлэг Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг дэмжив
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн өнөөдрийн ээлжит хуралдаанаар, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжлээ.
Хуулийн төсөлд хуульчийн мэргэжлийн шалгалтын комиссын бүрэлдэхүүн, чиг үүргийг өмнөх хуулиас илүү нарийвчлан зохицуулахыг зорьжээ. Хуульчийн шалгалт өгөх хүсэлтэй иргэнийг шалгалтад оруулахаас татгалзсан шийдвэрийг иргэн эс зөвшөөрсөн тохиолдолд шалгалт эхлэхээс 14-өөс доошгүй хоногийн өмнө Хуульчдын холбооны ерөнхийлөгчид гомдол гаргана. Хуульчдын холбооны ерөнхийлөгч гомдлыг эцэслэн шийдвэрлэхээр тусгасан. Энэ нь ганц хүний үзэмжээр асуудал шийдэгдэх учир дутагдалтай. Тиймээс ганц хүн биш багаараа шийдвэрлэдэг байх нь зөв гэж Бүлгийн гишүүд үзлээ. Мөн хуульчийн шалгалтын даалгавар хэсэгт даалгаврыг хэрхэн нууцлах, шалгуулагчийн нэрийг кодлох зохицуулалт байгаа ч бодлогын шалгалтыг хэрхэн дүгнэх зохицуулалт орхигдуулсан. Энэ нь тодорхойгүй байдал үүсгэж болзошгүй талаар гишүүд санал хэлэв.
Түүнчлэн бүлэг Үндсэн хуулийн Цэцийн 04 дүгээр дүгнэлтийг хэлэлцлээ. Уг дүгнэлтэд Эрүүгийн хуулийн зарим заалт Үндсэн хуульд заасан хүний эрх эрх чөлөө, хүн бүр хуулийн өмнө тэгш эрхтэй байх зэрэг зарчмыг зөрчсөн байна гэж үзжээ. ҮХЦ-ийн дүгнэлтийн талаар гишүүд өөр өөрсдийн байр суурийг илэрхийлэв. Харин Засгийн газраас дөрөвдүгээр сарын 1-нд ирүүлсэн Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтэд хийсэн дүгнэлтийг хэлэлцээд энэхүү дүгнэлтэд орсон тоонууд хэт ерөнхий эдийн засгийн хөгжлийн зүг чиг заагч байж чадахгүй байгаад гишүүд шүүмжлэлтэй хандаж байв. Тиймээс илүү нарийвчлан судлаж дүгнэлт гаргахаар шийдвэрлэв.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тавдугаар сарын 6-ны өдөр Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн хоёр заалтад бүхэлд нь хориг тавиад байгаа. Ерөнхийлөгч хориг тавьсан тохиолдолд тухайн заалтыг түдгэлзүүлдэг хуультай. Гэвч УИХ энэхүү хоригийг хэлэлцэн, хоригийг хүлээж авах эсэхийг хэлэлцэн шийдээгүй байхад Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчдийг бүртгэсэн. Өөрөөр хэлбэл түдгэлзсэн хуулийн заалтыг баримтлан 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг бүртгэсэн гэсэн үг. Нөгөө талаар МУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 болон 5 дугаар зүйлийн 5.4 дээх заалтуудыг Цэц, Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлт гаргасантай холбогдуулан УИХ хүлээн авч уг хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа уг заалтуудыг бүрхэгдүүлж, өмнө тодорхой заасан асуудлуудыг хуулийн заалтаас авсан нь төөрөгдөл бий болгож байна гэж үзлээ. Тиймээс энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль хууль бус сонгууль болох нь гэж дүгнэлээ. Түүнээс гадна УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг Ардчилсан намын тамганы хяналтын дугаарыг өөрчлөн дахин тамга хийх эрх олгосон нь хууль зөрчсөн гэдэг дүгнэлт гаргавал сонгууль хойшлох нөхцөл бүрдэж болох асуудлыг ч хөндлөө.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ