Өнөөдөр газар, уснаа явагчаар дэлхийг тойрсон аялал өндөрлөсөн өдөр


1958 оны 05-р сарын 13-ны өдөр Монтреаль хотноо ирснээр Австралийн иргэн Бенжамин Карлины /Frederick Benjamin "Ben" Carlin/ газар, уснаа явагч хөлөглөн дэлхийг тойрсон аялал өндөрлөсөн юм. Тэрээр “Half Safe” нэртэй тээврийн хэрэгслийнхээ хамт 10 жилийн хугацаанд нийт 17,000 км зайг далайгаар, 62,000 км зайг хуурай замаар туулсан юм.
Бенжамин Карлин нь Баруун Австралийн Нортам /Northam/ хотод 1912 оны 7 сарын 27-нд төржээ. Тэрээр 10 настайдаа Перт /Perth/ хотын хэлний сургуульд элсэн 1929 онд бүрэн дунд боловсрол эзэмшиж шууд тэр жилдээ Калгурли /Kalgoorlie/ хотын уул уурхайн их сургуульд орсон байна. Их сургуулиа уул уурхайн инженерээр төгссөн Карлин өөрт нь ойрхон байсан Голдфилдс /Goldfields/ гэх алтны бүсийн уурхайнууд дамжин түр инженерээр ажиллаж байгаад 1939 онд тогтсон ажилтай болохоор Хятад дахь Английн нүүрсний уурхайд инженерээр ажиллажээ.
Гэвч удалгүй дэлхийн хоёрдугаар дайн эхлэхэд тэрээр Энэтхэгийн армид алба хаах хүсэлт өгчээ. Энэтхэг явхаасаа өмнө Гертруда Плат /Gertrude Plath/ гэх герман эмэгтэйтэй 1941 онд Тяньжин хотноо гэрлэсэн байна. Түүнийг Шанхайд хуваарьлаж байсан боловч инженер гэдгийг нь мэдээд Энэтхэгийн инженерийн хорооны Мадрас Саппёрс /Madras Sappers/ гэх бүлэгт оруулжээ. Карлин 1941 онд бага дэслэгч цолтой болж Италиас Энэтхэг хүртэл дундад Азийн хэд, хэдэн оронд үйл ажиллагаа явуулж цэргээс халагдахдаа хошууч цолтой халагдсан байна. Дайн дуусах дөхөж байхад тэрээр Америкийн Бостон мужийн улаан загалмайн сувилагч Элиноре Аронетай /Elinore Arone/ танилцаж дайны дараа 1948 онд Америкийн Мэрилэнд /Maryland/ мужид гэрлэсэн байна.
Цэрэгт байхдаа Карлин олон төрлийн газар уснаа явагч унасан бөгөөд тэр дундаас Форд ЖПА /Ford GPA/загварт их дуртай байлаа. Бүр тоглоом, шоглоомоор “Энийг нэлээн янзалчихвал дэлхийг ч тойрч чадна” гэж хэлж байсан нь толгойноос нь ерөөсөө гарахгүй байлаа. Тэгээд тэр нэг л өдөр шууд Элинорег бал сараараа ЖПА-ээр Атлантын далайг туулъя гэж ятгав.
Карлин тэр даруй Вашингтон хотод болж байсан дуудлага худалдаанаас Форд ЖПА 901$ /одоогийн 10,317$/-аар худалдаж аваад янзлаж эхлэсэн байна. Тэр энэ аялалдаа ивээн тэтгэгч хайсан боловч хэн ч түүнийг чадна гэж бодохгүй байлаа. Тэр машиныхаа загварыг нь илүү завьтай ойр болгож, 2 түлшний сав, нисэх онгоцны хэрэгсэл, радио, ор гэх мэт аялалд хэрэг болох бүгдийг нэмж байлаа. Тэгээд завиа “Half Safe” хэмээн нэрлээд аяллаа эхлүүлжээ. 1947 оны туршилтын аяллууд нь бүтэлгүйтэж оны сүүлч олигтой гараа хийж чадалгүй явсаар 1948 оны 6-р сарын 16-нд хосууд аяллын гараагаа Монреаль хотоос эхлүүлэн далайд гарчээ. Гараа боломжийн байж далайд гарсны дараа тэдний радио тасрав. 5 хоногийн дараа тэднийг 64 км-ын зайтай эрэг дээр газардсан байхыг нь олжээ. Хоёр дахь гараагаа 7-р сарын 3-нд хийсэн боловч ус зайлуулах хоолой нь задарч бараг живэнгээ алдсан байна. Аялалын гурав дахь гараа механик болон далайн өвчнөөс болж бүтэлгүйтэв. 8-р сарын эхээр дөрөв дэхь удаагийн гараа нь хамаагүй хол явсан ч радио нь тасалдаж, залуур нь эвдрээд далайд 10 хоног чиггүй хөвсний эцэст аврагдсан байна.
Энэ оролдлогын дараа Карлин болих гэж байсан ч эхнэр нь ятгаснаар дахин аялалд хэрэгтэй мөнгө цуглуулж эхлэсэн байна. Карлин далайн боомтод ажилд орсон бол эхнэр нь Бостонд очиж хуулийн байгуулагад ажиллав. Тэд 1948 оны 11-р сард сүүлчийн удаа аялалаа эхлэх гэж байсан ч өвөл дөхөж байсан тул хойшлуулаад “Half-Safe” машинаа сайжруулж эхэлсэн байна. 1949 оны 9-р сард дахин нэг удаа гараанаас гарсан ч түлш нь асгарч буцсан байна. Энэ үед Карлин машинаа эвдлэж, хайлуулах гэж байсан ч Элиноре дахин ятгаж болиулжээ.
1950 оны 7-р сарын 19-нд дахин нэг удаа аялалаа эхлүүлснээр 32 өдрийн дараа амжилттай газарджээ. Тэдний энэ аялал тийм ч амар байсангүй тэд хэд, хэдэн удаа бараг живж, газардсаныхаа дараа хүртэл хий юм харж байлаа. Тэдний гол зорилго нь “Half-Safe”-ийг засах байсан бөгөөд хамт Энэтхэгт алба хаасан Ахмад Малколм Бантинг /Malcolm Bunting/ нь түүнд ихээхэн тусалсан байна.
Тэд 1955 оны эхээр аяллаа үргэлжлүүлэн Франц, Турк, Пакистан, Энэтхэгийг газраар туулаад Австрали орохгүй гэж бодож байсан ч мөнгөгүй байсан тул очихоос өөр аргагүй болж. Тэнд Элиноре далайн өвчнөө цааш тэсэлгүй Карлины гэрийнхэнтэй Перт хотод үлджээ. 1955 оны 10 сард аяллаа Карлин ганцаараа үргэлжлүүлсэн байна. Түүнтэй Барри Ханли /Barry Hanley/ гэх австрали залуу нэгдэж тэр хоёр 1956 оны 3 сарын 11 гэхэд Мьянмарын Рангун хүрч дараа нь Японы Токио очих үед Барри аяллаа зогсоосон байна.
Карлин Японд машинаа засаад “Japan Times” сэтгүүлийн сэтгүүлч Де Ментэ /Boyé Lafayette de Mente/-тэй хамт 1957 оны 5 сарын 1-нд Аляскаруу аялалд гарч. Тэд 7 сарын 8-нд Аляскын буланд газардан удалгүй Де Ментэ аяллыг орхин уг аяллын талаарх ном бичжээ. Карлин аяллаа үргэлжлүүлэн Калифорниа мужид ирэн 2 жилийн дараа анх удаа хуучин эхнэр Элиноретэйгээ уулзаж байгаа нь энэ аж. Карлин цааш Монреаль хотод очин 10 жилийн аяллаа дуусгалаа. Түүний аялал далайгаар 17,780 км, газраар 62,744 км газраар үргэлжилж 38 улс, 3 далайг туулан нийт 35,000$-ын зардал гаргажээ. Аяллаа дуусгасны дараа Карлин “Half-Safe” машинаа найздаа үлдээгээд өөрөө Пертрүү буцан тэндээ 1981 оны 3-р сард зүрхний шигдээсээр өөд болтлоо амьдарсан байна. Тэрээр 1963 онд 3 дахь удаагаа гэрлэсэн ч удалгүй салжээ.
Одоо “Half-Safe” завь нь Австралийн “Guildford Grammar” сургуулийн музейд хадгалагдаж байгаа. Энэ аялал нь анхны бөгөөд цорын ганц газар, уснаа явагчаар дэлхийг тойрсон аялал юм.

May be an image of outdoors

May be an image of map and text

May be an image of text that says 'Across the Atlantic Half-Safe by Jeep Ben Carlin'

СЭТГЭГДЭЛ БИЧИХ