МоАХ: Улс төрийн бүх намуудыг тараахаар тэмцэл эхлүүллээ

Монголын Ардчилсан холбооноос  улс төрийн бүх намуудыг тараах шаардлагыг УИХ-ын дарга Г.Занданшатарт хүргүүлэхээ мэдэгдлээ.

Монголын Ардчилсан холбоо: Төрийн дээд нам сандайлсан, улс төрийн хямрал үүссэн. Намтай эвсэхгүй бол тендер авч чадахгүй, ажил амьдрал нь сайжирдаггүй байдал үргэлжилж, цаашид улсын хөгжлийг удаашруулж магадгүй ухраах үндэс болж байна. Тийм учраас бүх улс төрийн намуудыг шинэчилж, улс төрийн тогтолцоог өөрчлөх цаг нь болсон гэж үзэж байгаа тул намуудыг тараах хүсэлтийг УИХ-ын даргад шаардлага хүргүүлж байна. Өнгөрсөн хугацаанд Монголын улс төрийн орчин асар их бохирдож нийгмийн өнөөгийн тогтолцоо нэгэнт дампуурсан. Гол буруутан нь үзэл баримтлал, бүтэц, үйл ажиллагаа үл ялгарах улс төрийн намууд, тэдгээрийн удирдлагыг атгасан улстөрчид юм.

Тус шаардлагад:

  1. Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн 19 дүгээр заалтын  “намыг сонгуулийн өмнөх өдөр иргэдийн 1 хувиар доошгүй иргэн эвлэлдэн нэгдэн байгуулна” гэсэн заалтын үйлчилж эхлэх хугацааг 2028 оны долдугаар сарын 1-нээс 2021 оны долдугаар сарын 1-н болгож долоон жилээр наашлуулан татах. Өөрөөр хэлбэл улс төрийн намууд шинээр эмхлэгдэн зохион байгуулагдах хугацааг долоон жилээр урагшлуулах нь үндэсний эрх ашигт нийцэх юм.

  2. Улс төрийн намын тухайн Монгол Улсын хуулийг бүхэлд нь шинэчилж намуудыг хатуу гишүүнчлэлтэй болгох, үл хөдлөх, мөнгөн хадгаламж эзэмшихийг хориглох.

  3. Улсын Их хурлын сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах. Сонгогч гадаадад байхаас бусад тохиолдолд түр хаягаар санал өгөхийг хатуу хориглох. Хэсгийн хорооны тооллогын дүнг нам, эвслийн ажиглагч нар дахин тоолж баталгаажуулах.

Дээрх өөрчлөлтүүдийг тус тус оруулах нь зохих шийдэл болно гэж бид албан ёсоор мэдэгдэж байна. Монголын ардчилсан хороо намуудыг тарааж, дахин эмхлэгдэн байгуулагдах хүртэл бүх хэлбэрээр тэмцэх болно гэдгийг мэдэгдэж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ