УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд өлсгөлөнгөө зогсоолоо

     УИХ дарга Г.Занданшатар Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарлаад буй АН-ын бүлгийн гишүүд дээр дөнгөж сая  очиж  ярилцсаны эцэст УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат өлсгөлөнгөө зогсоох болсоноо мэдэгдлээ. Ийнхүү АН-ын бүлгийн гишүүдийн зарласан өлсгөлөн 7 дахь хоног дээрээ албан ёсоор зогслоо. 
    Дашрамд дурдахад өчигдөр УИХ-ын дарга Г.Занданшатар захирамж гаргаж, ажлын хэсэг байгуулаад байсан юм. Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, дэд ахлагчаар УИХ-ын гишүүн Н.Ганибал нар ажиллах бөгөөд бүрэлдэхүүнд нь Ж.Батсуурь, Ц.Мөнхцэцэг, Ц.Сандаг-Очир, Ц.Туваан нар багтсан билээ.
   Тус ажлын хэсэг УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд өлсгөлөн зарласнаас үүдсэн улс төрийн нөхцөл байдалтай холбогдуулан зарим хууль тогтоомжийн биелэлтийг хянан шалгах, санал дүгнэлт боловсруулах үүрэгтэй ажиллах юм. Ажлын хэсэг анхны хуралдаанаа өнөөдөр хийснээр ийнхүү энэ удаагийн өлсгөлөн өндөрлөлөө.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ