Өнөөдөр хүссэнээ идэх өдөр/Eat What You Want Day
Жил бүрийн 5-р сарын 11-нийг зарим нөхөд хүссэнээ идэх өдөр болгон тэмдэглэдэг байх нь. Нэг бодлын их сайхан өдөр юм л даа кк.
Өдөр бүр хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээнд төгс бие бялдартай эрчүүд, бүсгүйчүүдийн зураг тавигдаж байгаагаас болоод олон хүмүүс өөрийнхөө гадаад байдал, биеийн харьцаанд сэтгэл дундуур болж ямар нэг хоолны дэглэмээр жингээ зохицуулах гэж хичээснээр өөрийгөө бухимдалд оруулж байдаг байна.
Мөн хажуугаар нь бараг л идээд байвал мөнхрөх мэт хоолны дэглэмүүд, витаминууд бидний эргэн тойронд хэт олон болж ямар нэг байдлаар эдгээр дэглэм, жор, хүнсний нэмэлт бүтээгдэхүүн, витаминыг туршиж үзэх хүмүүс олширчээ.
Хүний бие нь өөрөө ухаалаг бүтэцтэй бөгөөд таны идэж байгаа зүйлсийг өөрт тань хамгийн ашигтай байдлаар зохицуулан хуваарилж байдаг. Гэтэл та очих ёстой цардуулыг нь багасгах ч юм уу? Хүлээж байснаас нь илүү их витамин оруулах, өөх тосыг нь хумих зэргээр нөлөөлж байгаа нь эргээд тодорхой эрсдлүүд үүсгэх болно гэдгийг энгийн логикоор бодоход л ойлгомоор.
Тэгвэл энэ баярыг үүсэгсэн Томас болон Рут Рой нар нь “байнгын хоолны дэглэм болон элдэв хяналт, хориг дотор амьдарч байгаа хүмүүсийг жилдээ ядаж ганц хүссэнээ идэх өдөртэй болгочихвол тэд амьдралын баяр баясгаланг мэдэрч илүү жаргалтай байх болов уу? гэж бодсон” учраас энэ өдрийг санаачилж. Мэдээж маш олон хүмүүст таалагдсан болохоор дороо газар авсан бололтой. Ямар ч байсан Америкийн баярын өдрүүдийн жагсаалтанд байж байна.
Хоолны дэглэм барьдаг хүмүүс бусадтай ялангуяа гэрийнхэнтэйгээ ч хамт хооллохоо больж амьд харьцаа алдагдах, өөрийн биед хэрэгтэй зарим бодисуудыг авахаа болих, үүнээс улбаалаад шинэ өвчнүүдэд өртөмтгий болох гэх мэт сул талуудыг бий болгож байдаг.
Тиймээс та энэ өдөр өөрийн хүссэн бүхнээ идээрэй. Амьдрал амттай байхдаа л бахтай шүү дээ. Тэгэхдээ мэдээж ямар нэг төрлийн хүнсийг дагнан хэтрүүлж хэрэглээд хэрэггүй. Жишээлбэл амттан.
Түүнээс гадна гоо сайхантайгаа холбоотойгоор хоолны дэглэм барьж байгаа бол хөдөлгөөн хийж жингээ барих нь хоолны дэглэмээс хувь илүү эрүүл сонголт гэдэгт анхаарлаа хандуулаад үзээрэй.
Эсрэгээр өдөр бүр хүссэн зүйлээ идэж байдаг хүмүүс энэ өдөр зохистой хооллох тухай мэдээлэлд анхаарлаа хандуулах, тэр нь таны хооллох бүтцээс хэр ойр, хол байгааг тунгаах, идэж байгаа хүссэн зүйлүүд тань таны гаднаас авах ёстой эрдсүүдийг бүрэн агуулж чадаж байгаа эсэхэд төвлөрөх өдөр гэнэ. Хэрэв танд тийм ч зөв бас хангалттай санагдахгүй бол та ч бас нууцхандаа “энийг идэх ёстой шүү дээ, тэгэхдээ би дургүй” гэж бодож байдаг хүнснүүдээ идэж турших өдөр байж болох юм.
Монгол хүн өдөрт хүнснийхээ 40 орчим хувьд үр тариа, будаа гурилан бүтээгдэхүүн, 23 хувьд хүнсний ногоо, 17 хувьд төрөл бүрийн мах махан бүтээгдэхүүн, 10 хувьд жимс, жимсгэнэ, 10 хувьд сүү, цагаан идээ идвэл зохимжтой гэсэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ