УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд СЕХ-д шаардлага хүргэж байна


УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд Сонгуулийн ерөнхий хорооны удирдлагатай өнөөдөр уулзжээ. Энэ талаараа мэдээлэл өгсөн юм. 

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат "Хэн нэгэн хүний төлөө бид яваагүй. Сонгох, сонгогдох эрх, нэг намын дарангуйллын эсрэг зогсож байгаа. Бид бүхэн үгээ хэлж чадахгүй нөхцөл байдал үргэлжилж байна. Тиймээс Ерөнхийлөгчийн сонгуулийг хариуцлагатай зөв хийгээсэй гэж хүсэж байна. Сонгуулийн ерөнхий хороог хуулийн дагуу ажиллахыг хүслээ. 

СЕХ-нд баримт бичгээ хүргүүлж ирэхэд хараагүй байж хүлээж аваагүй. Гэтэл өнөөдөр бичиг баримтыг нягтлах ёстой гэдэг байр сууринд СЕХ хүрсэн байна. СЕХ хурлаа хийж, олонхоороо шийдвэр гаргана гэдэг хариултыг өглөө" гэлээ.

УИХ-ын гишүүн Ц.Туваан "Бид хуульд заасан хугацааны дагуу тавдугаар сарын 5-нд Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн материалаа СЕХ-нд өгөх гэж ирэхэд хууль бус юм яриад хүлээж аваагүй. Үүний дараа Ш.Адьшаа гишүүн хуульчидтай үлдээд материалаа СЕХ-нд хүлээлгэж өгсөн. Ажлын хэсэг томилж баримт бичгийг нягтлан шалгасан. Сошиалаар зөрүүтэй мэдээлэл яваад байгааг бид хэллээ. 

СЕХ-ноос сая хариулахдаа хороо хуралдаж, үүрэг өгөөд ажлын хэсэг томилсон. Тухайн шийдвэрээ цаасаар бид нарт өгч, СЕХ-ны хурлаар бидний асуудлыг хэлэлцэнэ гэлээ. 

Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 28.4-т Сонгуулийн ерөнхий хороо Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн материалыг хүлээж аваад, нягтлан шалгана гэсэн юм байгаа болохоос ажлын хэсэг томилно гэсэн юм байхгүй. Тэгэхээр бид Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн материалаа хүлээлгэж өгсөн гэж үзэж байна. 

УЛСЫН ДЭЭД ШҮҮХ С.ЭРДЭНИЙГ БҮРТГЭХЭЭС ГУРВАН УДАА ТАТГАЛЗСАН

Тухайн цагаас хойш суултаа өлсгөлөн болгосон. Сонгуулийн ерөнхий хороо аливаа нэг намын нөлөөлөлгүйгээр шийдвэрээ гаргатал өлсгөлөнгөө үргэлжлүүлнэ. 

Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулиар тавдугаар сарын 8, 10 гэсэн хоёр хугацаагаар асуудал явж байгаа. СЕХ-нд хоёр бичиг ирсэн. Энэ талаар баримттай зүйл яръя. Улсын дээд шүүхийн Тамгын газрын дарга С.Амардэлгэр гэдэг хүнээс СЕХ-ны даргад С.Эрдэнийг 2017 онд АН-ын даргаар бүртгэсэн гэдэг бичгийг явуулсан байна. Дээд шүүхийн Тамгын газрын даргын үүрэг гүйцэтгэгч 2017 оны юмыг СЕХ-руу явуулсан. Түүнээс хойш АН-ын даргаар бүртгэлтэй байсан хүмүүсийн нэрийг дурдаагүй. 

Улсын дээд шүүх С.Эрдэнийг бүртгэхээс гурван удаа татгалзсан. Ардчилсан намын үндсэн дүрмийн нэмэлт өөрчлөлтийг мөн бүртгээгүй. Тэгэхээр манай намын хуучин дүрэм хэвээрээ гэсэн үг. Улс төрийн намын хүсэлтийг Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаар шийдвэрлэдэг. Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаан болж, С.Эрдэнийн цахим хурал нэртэй хурлаар явагдсан Үндэсний бодлогын болон дотоод сонгуулийн хороонд оруулах өөрчлөлтийг бүртгэхээс татгалзсан. Мөн Ардчилсан намын дүрмийн цахимаар хийсэн дураараа өөрчлөлтүүдийг нь бүртгээгүй.

Улсын дээд шүүхийн цахим сан дахь С.Эрдэнийг АН-ын даргын бүртгэлээр сэргээх хүсэлтийг Дээд шүүх мөн л хүлээж аваагүй. Улсын дээд шүүх ийм шийдвэр гаргасан байхад тус шүүхийн Тамгын газрын даргын лавлагаа нь бүртгэсэн гэж гараад байгаа тул бид өлсгөлөн зарласан.

С.ГАНБААТАР ГИШҮҮН ӨЛСГӨЛӨН БИШ СУУЛТААР ДЭМЖИЖ ОРОЛЦОХООР БОЛСОН

Дараа нь тамганы асуудал бий. С.Эрдэнэ дарга нь байна, тамгаа авъя гээд очиход нэг байцаагч хуучин тамгыг хүчингүй болгоод шинэ тамганы дугаар олгосон. Энэ асуудлаар бүх газарт гомдоо өгсөн. Шүүхээс С.Эрдэнэд байгаа тамгыг түдгэлзүүлэх шийдвэр гаргасан. Хоёрдугаар сарын 2-ноос хойш яригдаад байгаа тамга хүчингүй. 

Өлсгөлөн зарласнаас хойш миний бие болон бүлгийн гишүүд нэг ширхэг бохь ч амандаа хийгээгүй. 48 цаг юу ч идээгүй, үүнийг эмч нар хянадаг болсон шүү. Нойтон өлсгөлөн зарлаж байгаа учраас ус ууж байгаа. С.Ганбаатар гишүүн биеийн байдлаас шалтгаалаад өлсгөлөн биш суултаар дэмжиж оролцохоор болсон. А.Адъяасүрэн гишүүн болон надад эмч биеийн байдлын улмаас өлсгөлөнг үргэлжлүүлж болохгүй гэдгийг хэлсэн. Гэхдээ бид эрсдэлээ өөрсдөө үүрнэ гээд өлсгөлөнгөө үргэлжлүүлж байгаа" гэв. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ