Азийн шилдэг 10 барилгa
1.Taipei 101
Тайванийн “Taipei 101” цамхаг нь орчин үеийн хамгийн өндөр, эрчим хүчинд хэмнэлттэй барилгуудын нэг юм. Нийт 101 давхар бөгөөд газар доор 5 давхар бий. Цамхгийн ерөнхий дизайныг Тайванийн нэрт “C.Y.Lee and partners” архитектурын компани боловсруулсан юм. Барилга олон давхар хийд шиг харагддаг, тун өвөрмөц шийдэлтэй. Мөн цагт 216 км-ийн хурдтай ирж буй хар салхи, 2500 жилийн турш ямар ч газар хөдлөлтийг тэсвэрлэх чадвартай гэдгээрээ манай дэлхийн хамгийн бат бөх байгууламжийн нэгд тооцогдож байна.
2.Абраж Аль-Байт
Саудын Арабын Мекка хотын Абраж Аль-Байт нь дэлхийн хамгийн өндөр төрийн өмчит барилгуудын нэг юм. Саудын Арабын Абдул Азиз хааны хандиваар барьсан, 120 давхар энэ нүсэр барилга нь нэг дор 10 мянган сүсэгтнийг хүлээн авах хүчин чадалтай. Сонирхолтой нь, цамхаг дээр байрлуулсан цагийн минутын зүү нь 22 метр урт, цагийн зүү нь 17 метр, нүүр нь 43 метр диаметртэй учраас 8 км-ийн холоос ч харагддаг байна.
3.“Lotte World Tower”
БНСУ-ын нийслэл Сөүл хотод Хан мөрний эрэг дээр 2017 онд дэлхийн тав дахь өндөр барилга “Lotte World Tower” нээгдлээ. Нийт 123 давхар, 554.5 метр өндөр тус цамхагт оффис, тансаг орон сууц, зочид буудал, аквариум, кино театр, үйлчилгээний газар, 2000 хүний багтаамжтай тоглолтын танхим байдаг. Цамхгийн архитектур нь БНСУ-ын түүх, соёлын хэв маягийг орчин үетэй хослуулсан шийдэлтэй. Барилгын 1-123 давхар хүртэл нэг минутын дотор зорчиж болох дэлхийн хамгийн хурдан лифттэй гэдгээрээ онцлогтой. Мөн нарны зайн хураагуур, салхин турбин, ус хуримтлуулах системийг суурилуулсан байгальд ээлтэй барилга болжээ.
4.“Circle of life” (Амьдралын тойрог)
Шанхайн архитектур, дизайны мэргэжилтнүүд Хятадын Ляонин мужийн Фушунь хотод жуулчдын анхаарлыг татах тун өвөрмөц барилга барьжээ. Урьд өмнө нь хэн ч ийм цагирган хэлбэртэй барилга бариагүй билээ. 50 давхар энэ барилгын орой дээрээс хотын өнгө үзэмжийг панорам зураг шиг бүрэн тольдож болно. Шөнө болоход барилгын 12 мянган LED гэрэл нэгэн зэрэг асаж, хотын өнгө үзэмжийг чимдэг. Уг барилгыг барихад нийт 3000 тонн ган зарцуулсан бөгөөд нийт 10 сая ам.долларын өртгөөр барьжээ. Хотын удирдлагууд энэ барилгыг оффисын зориулалтаар ашиглахаас татгалзсан тул одоогоор зөвхөн жуулчдад үйлчилж байгаа юм.
5.Soho Peaks
Нэрт архитектор Заха Хадидын загвараар Бээжин хотын нисэх буудал, хотын төвийн дунд гайхамшигтай гурван хос цамхаг барьжээ. Цамхгууд тус бүр 200, 127, 118 метрийн өндөртэй. Мэргэжилтнүүд барилгын загварыг “гурвалжлан харагдах уулс” гэж тодорхойлсон нь муруй, нумарсан хэлбэрийг нь илэрхийлсэн юм. Барилгын загвар нь аль ч талаас нарны гэрэл чөлөөтэй тусах онцлогтой. Эрчим хүч хэмнэхийн тулд орчны температураас хамаарч цонх нь автоматаар хаагдаж, нээгддэг ухаалаг систем суурилуулж, бохир усыг дахин ашиглах, эрчим хүчний илүүдэл хэрэглээг хянах технологийг нэвтрүүлжээ.
6.TKP Gate Tower
Японы Осака хотын “TKP Gate” 16 давхар оффисын барилга нь тийм ч өндөр, гоц гойд биш ч дэлхий даяар алдаршжээ. Учир нь уг барилга дундуураа метроны системтэй холбогдохын зэрэгцээ дээвэр нь нисдэг тэрэгний буух, хөөрөх талбай болдог юм. Барилгын 5-7 давхрын хооронд метро дамжин өнгөрдөг тул цахилгаан шат дээрх давхруудад зогсдоггүй ажээ. Хурдны болон метроны замуудаар хүрээлэгдсэн уг барилгын тусламжтайгаар нийтийн тээврийн сүлжээг оновчтой төлөвлөж чадсан нь маш гайхалтай хэрэг юм.
7."Хан Шатир" энтертайнмент төв
Казакстаны Астана хотын майхан хэлбэртэй, асар том шилэн барилга нь нийт 150 метр өндөр, 140 мянган метр квадрат талбайг хамарч байгаа нь 10 хөл бөмбөгийн цэнгэлдэхийг нийлүүлсэн ч том гэсэн үг. Барилгад тунгалаг шилэн материал ашигласнаар байгалийн гэрэл хаанаас ч тусдаг гэдгээрээ давуу. Энд үзэсгэлэн худалдаа, амралт, аялал жуулчлалын цогц үйл ажиллагаа явуулж байна.
8."Лотус" сүм
Энэтхэгийн Нью Дели хотын “Лотус” сүм нь мөргөлчид төдийгүй жуулчдын очих дуртай газруудын нэг юм. Сүмийг гантиг чулуугаар гоёсон 27 том дэлбээ бүрдүүлж байдаг. Уг барилга нь Дели хотын анхны нарны эрчим хүч ашигласан сүм гэдгээрээ онцлог. Нарны эх үүсвэрээр жилд 120 КВт эрчим хүч үйлдвэрлэж, сард 120 мянган рупий хэмнэж байна.
9.Solar Ark
Японы “Sanyo Electric” компанийн барьж, байгуулсан энэ музей нь нарны эрчим хүчний хэрэглээг дэлхийд сурталчилж байдаг. Энд байрлуулсан 5000 нарны хавтан жилд дунджаар 500,000 квт эрчим хүч үйлдвэрлэдэг уг барилгыг шинжлэх ухаан болоод экологид ээлтэй бүтээн байгуулалт болсон гэж үздэг. Барилгын дизайн нь усан онгоц шиг хэлбэртэй бөгөөд багана тус бүр нь 2 метр диамертэй, 31 метр урт бөгөөд маш чанартай материал ашигласан тул 7 магнитудын газар хөдлөлт, 34 метр/секунд хурдтай салхинаас хамгаалж чадна.
10.Piano House
Хайнань хотын хамгийн гоёмсог барилга бол хийл хөгжмөн хаалгатай, төгөлдөр хууран байшин юм. Барилгыг хийл хөгжмийн 50:1 гэсэн бодит хэмжээгээр барьсан бөгөөд дэлхийн хамгийн том хөгжмийн зэмсэг гэдгээрээ онцлогтой. Энэ барилгыг хосуудын очих дуртай, хамгийн романтик газар ч гэж нэрлэдэг. Энд хуримын ордноос гадна уулзалт, хурлын заал бий.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ