УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд суулт зарлажээ

Ардчилсан намаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Н.Алтанхуягийн нэр дэвшигчийн материалыг СЕХ-нд бүртгүүлэхээр намын дарга О.Цогтгэрэл, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат тэргүүтэй УИХ-ын 10 гишүүн өнөөдөр СЕХ-нд очиж ажиллаж байна.
 
Энэ үеэр СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран тус намын дотоод хэрэгт оролцож, С.Эрдэнэ тэргүүтэй хоёр дахь Ардчилсан нам гарч ирсэн тул танай нэр дэвшигчийн материалыг хүлээж авахгүй гэсэн нь сонгуулийн хууль тогтоомжийг зөрчиж, Ардчилсан намын мянга мянган гишүүдийн санал, шийдвэр болоод сонгох, сонгогдох эрхийг ноцтой зөрчсөн явдал болов.
 
Иймээс УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд СЕХ-г хуулийн дагуу нэр дэвшигчийн материалыг хүлээж аван бүрэн бүрэлдэхүүнээрээ хэлэлцэн шийдэхийг шаардаж суулт зарлалаа.
 
Тус намыг хагарч хуваагдсан мэт байдал үүсгэж буй С.Эрдэнэ нь манай намыг төлөөлөх эрхгүйг болохыг 2021 оны нэгдүгээр сарын 14, хоёрдугаар сарын 26, дөрөвдүгээр сарын 27-ны өдрүүдэд хуралдсан Улсын Дээд Шүүхийн удаа дараагийн шийдвэрээр тогтоосон.
 
 
Эх сурвалж: Ардчилсан нам

СЭТГЭГДЭЛ БИЧИХ