Х.Нямбаатар: Засгийн газар Оюутолгойн асуудлаар сөрөг нэхэмжлэл гаргасан
Маргааны хувьд, Оюу толгой төслийн хөрөнгө оруулагч талтай Засгийн газар олон улсын арбитрын шүүхэд арбитрын мэдэгдэл гаргасан. Одоогийн байдлаар арбитрын бүрэлдэхүүн томилогдон, үйл ажиллагааны журам, төлөвлөгөө, дэг болон зохион байгуулалтын асуудлаар холбогдох баримт бичгийг баталсан бөгөөд Монгол Улсын Засгийн газар 2021 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр арбитрын гомдлын хариу тайлбарыг гаргасан. Ингэхдээ Түр хорооноос өгсөн чиглэл, Засгийн газрын 2021 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн хуралдааны тэмдэглэлийн дагуу “Оюу толгой” ХХК-ийн хувьцааны олонхыг эзэмшигч буюу Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед болон Туркойс Хилл Ресурсес Лимитед компанийг арбитрын ажиллагааны оролцогчоор татах хүсэлтийг арбитрын бүрэлдэхүүнд гаргаж, дараах үндэслэлээр сөрөг нэхэмжлэл гаргасан. Үүнд, “Оюу толгой” ХХК-ийн хувьцааны олонхыг эзэмшигч нь Хөрөнгө оруулалтын гэрээг зөрчсөнөөс Монгол Улсад учирсан хохирлыг арилгуулах, мөн “Оюу толгой” ХХК-ийн хувьцааны олонхыг эзэмшигч нь Оюу толгой төсөлтэй холбогдуулан зохион байгуулсан авлига, хээл хахуулийн схемийн улмаас Монгол Улсад учирсан хохирлыг арилгуулах тухай гэлээ.
Мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг, С.Чинзориг, Б.Бат-Эрдэнэ, Ж.Мөнхбат нар Түр хорооны хуралдаанаар өгсөн үүрэг, даалгаварууд хийгдсэн болохыг сайшааж, зарим зүйлд тодруулга авав. Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг, дөрөвдүгээр сарын 9-нд хөрөнгө оруулалтын нэмэлт зээлийн хэлэлцээр хийсэнтэй холбогдуулан Засгийн газрын байр суурийг тодруулав. Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Монголын тал сөрөг нэхэмжлэл гаргасныг Нью Йоркын тал шалгаж байгаа. Мөн Оюу толгой далд уурхайн бүтээн байгуулалтад хөндлөнгийн шинжээчийн дүгнэлт гаргуулахаар саналаа хүргүүлсэн, удахгүй танилцуулна гэв. Ажлын хэсгийн ажлын явц, хэлэлцээний өнөөгийн нөхцөл байдлын талаарх мэдээлэлтэй холбогдуулан Түр хорооны дарга Ц.Даваасүрэн байр сууриа илэрхийлж, Ажлын хэсгийн гишүүдэд талархал илэрхийлснээр өнөөдрийн хуралдаан өндөрлөв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ