Өнөөдөр анхны Уэмбли цэнгэлдэх хүрээлэн үүдээ нээсэн өдөр
1923 оны 04-р сарын 28-нд, нэгэнтээ хөл бөмбөгийн хаан Пелегийн “Энэ бол хөл бөмбөгийн ариун цогчин дугана, хөл бөмбөгийн нийслэлд байрлах хөл бөмбөгийн зүрх” хэмээн хэлж байсан Уэмбли цэнгэлдэх хүрээлэн /Wembley Stadium/ үүдээ нээжээ. Цэнгэлдэх одоогийн Английн хамгийн том, Европийн хоёр дахь том цэнгэлдэх хэмээн нэрлэгддэг ижил нэртэй 90,000 хүний суудалтай стадионы байранд анх баригдсан ба нээлтийн туузыг 5-р Жорж / King George V/ хаан хайчилжээ.
Энэхүү домогт стадионд 1923 оноос эхлэн Английн хөлбөмбөгийн цомын финалын тоглолтууд жил бүр болдогоос гадна Лигийн цомын финал, Европын цомын 5 удаагийн тэмцээн, 1966 оны ДАШТ-ний финал, Евро 96-ийн финалын тэмцээн зохион байгуулагдаж байж. Мөн 1948 оны зуны олимпийн наадмын нээлт, регбигийн лигийн цомын аваргын тоглолт, 1992, 1995 оны регби лигийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний финалын тоглолт энд болсон. Түүнээс гадна маш олон урлаг, соёлын арга хэмжээ болдог ба хамгийн алдартай нь 1985 оны Live Aid буяны тоглолт байжээ.
1924-1925 онд болсон Их Британы Эзэнт гүний Үзэсгэлэнгийн /British Empire Exhibition/ ажлын хүрээнд 1922-1923 онд үндсэн Уэмбли цэнгэлдэхийн бүтээн байгуулалт эхлэж байж. Хүмүүс анхандаа цэнгэлдэхийг Их Британы эзэнт гүрний цэнгэлдэх энгийнээр бол Эзэнт гүрний цэнгэлдэх /Empire Stadium/ гэж нэрлэж байсан юм. Домогт цэнгэлдэхийг ноён Роберт МкАлпайн /Sir Robert McAlpine/ бариулсан бөгөөд 1924-1925 оныг хүртэл Эзэнт гүрний үзэсгэлэнд ашиглаж байв.
Стадион нь Уатконы цамхагын /Watkin's Tower/ байсан газарт тухайн үед 750,000 фунтийн /2020оны ханшаар 46 сая/ төсвөөр баригджээ. Уг газарт 1880 оноос хөлбөмбөгийн тэмцээн болдог байв. Төслийн архитектороор ноён Жон Симпсон, Максвелл Айртон /Sir John Simpson, Maxwell Ayrton/ нар ажилласан бол ерөнхий инженерээр ноён Оуэн Уильямс /Sir Owen Williams/ ажиллав.
1963 онд цахилгаан онооны самбар байрлуулж, хөнгөн цагаан, тунгалаг шилээр дээврийг нэмж хийсэн бөгөөд цэнгэлдэхийн ихэр цамхаг нь түүний онцлог, хоч нь болсон юм. Мөн шагнал авахаар өгсдөг шат 39 гишгүүртэй нь нэг онцлог болдог. Уэмбли анх “Hallowed Turf” хэмээх шинэ системийг зүлэгжүүлэлтдээ ашигласан бөгөөд одоо дэлхийн ихэнхи том стадионууд ашиглаж байна.
1934 онд ойролцоо нь эзэнт гүрний усан сан байгуулагдсанаар Уэмблийн цогцолбор хэмээн яригдах болсон. Энэ цогцолборт үндэсний хөлбөмбөгийн музей бас багтдаг.
Домогт хүрээлэнг 2000 оны 10-р сард хааж 2002 оны 12 сараас нурааж эхэлсэн бөгөөд 2007 онд одоогийн шинэ цэнгэлдэх албан ёсоор нээлтээ хийжээ.
Анхны цэнгэлдэх хүрээлэнгийн дурсгалыг хадгалах үүднээс ихэр цамхагийн нэгнийх нь оройг яг тэр хэлбэрээр нь Гэгээн Рафэйлийн /Saint Raphael's / ойролцоо байрлуулсан байна.
Цэнгэлдэхийг яг 300 хоногт барьж дуусгасан гэдэг бөгөөд түүхэнд “Цагаан морьт” финалын тоглолт /White Horse Final/ гэж нэрлэгдсэн 1923 оны 4-р сарын 28-ны Болтон Вондерерс болон Вестхэм Юнайтед /Bolton Wanderers, West Ham United/ багуудын тоглолтоос 4 хоногийн өмнө дуусгасан байдаг. Уг тоглолтыг үзэхээр ирсэн үзэгчдийн тоог 126,047 гэдэг ч цэнгэлдэх дотор 240-300 мянган хөгжөөн дэмжигчид байсан гэж үзэх хүмүүс ч бий. Английн хөлбөмбөгийн холбоо ийм олон үзэгчид ирнэ гэж тооцоогүй бөгөөд 60,000 хүн гадаа орж чадалгүй үлдсэн. Эргэн тойрны 104 эргэдэг гарцаар дамжин орж ирсэн ч суудалд багтаагүй үзэгчид талбай дээр гарч ирснээр тоглолт эхлэх боломжгүй болсон. Цагдаа нартай хамт өөрийн Билли дуудлагатай цагаан морио унасан цагдаагийн дарга Жорж Скори /George Scorey/ талбай дээр байгаа үзэгчдийг шахаж тоглолт болох хэсгийг чөлөөлөв. Нээлтэнд оруулсан Билли морьний гавьяаг хүндэтгэж Уэмблийн гадна байрлах гүүрийг “Цагаан морьний” гүүр гэж нэрлэжээ. Тоглолт 2:0 харьцаатай Болтоны ялалтаар өндөрлөсөн бөгөөд Девид Жак /David Jack/ Уэмблид гоол хийсэн анхны тоглогч болсон байна.
2000 оны 05 сарын 20-нд ФА цомын сүүлчийн тоглолт энэ цэнгэлдэхэд болоход Челси, Астон Вилла хоёр аваргын төлөө тоглосон бөгөөд цорын ганц гоолыг Roberto Di Matteo оруулсан.
Харин клубийн хамгийн сүүлчийн тоглолт 2000 оны 8-р сарын 23-нд Charity Shield 2000-ын хүрээнд болж Челси, Манчестер Юнайтед багууд тоглоход Челси 2:0-ээр хожсон.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ