Энэтхэгт коронавирусээр нас барагсдыг паркуудад шатааж эхлэжээ

   Шарил  чандарлах газрууд хүрэлцэхгүй байгаагаас болоод  Энэтхэгт  коронавирусээр нас барагсдыг парк, машины зогсоол, эзгүй газруудад шатааж  эхлэсэн байна. Телевизийн “Би-би-си” сувгаар ингэж мэдээлжээ.   Нас барагсдын төрөл, төрөгсөд гал асаах модыг өөрсдөө хагалж, чандарлах ажилд туслаж байна. Шарил шатаах газруудын ажилтнууд өглөөнөөс аваад шөнө дөл хүртэл ажиллахад хүрч, харин нас барагсдын гэр бүлийнхэн  салах ёслол үйлдэхийн тулд хэдэн цагаар хүлээх нь цөөнгүй байгаа аж.   Сүүлийн өдрүүдэд л гэхэд коронавирусийн халдвар авсан хүний эрс өсөлттэй тулгарсан бөгөөд 323 мянган шинэ тохиолдол бүртгэгдсэнийг эрх баригчид мягмар гарагт зарласан юм. Сүүлийн энэ үзүүлэлт нь  COVID-19-ийн цар тахал эхлэсэн үеэс хойшхи бүхий л хугацаанд хамгийн олон нь болж байна. “Коронавирусийн хар салхи” Энэтхэг улсыг нөмөрлөө гэж ерөнхий сайд Нарендра Моди мэдэгдсэн юм.  Тийнхүү тус оронд коронавирусээр нас барагсдын тоо 200 мянга хүрээд байна. Нас барагсдын тоо их байгаагаас болоод эндэхийн шарил чандарладаг  газруудын зуух бараг хайлж байгаа аж. Жишээ нь Энэтхэгийн баруун нутгийн Гужарат муж улсад цогцосыг тасралтгүй шатааж байгаагаас болоод хий болон мод хэрэглэдэг зуухнуудын төмөр эд ангиуд хайлж байна.
Б.Атар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ