Өнөөдөр алдарт далайчин Магеллан тулааны үеэр нас барсан өдөр

1521 оны 04-р сарын 27-нд одоогийн Филиппин улсын Мактан /Mactan/ арлыг Испанийн эзэн хааны мэдэлд оруулах гэсэн тулаан болж. Уг тулаааны үед алдарт аялагч, шинжээч, дэлхийг тойрох анхны аялалыг удирдсан ноён Фердинанд Магеллан /Ferdinand Magellan/ нас баржээ.  1521 оны 03-р сарын 16-нд багийнхан Молуккасын /Moluccas/ арлуудыг хүрэхээр баруун зүгт явахдаа одоогийн Самар /Samar/ уулыг харсан нь Европчууд Филиппиний арлуудад очсон анхны баримт болов. Маргааш нь Магеллан хөлгөө Хомонхон /Homonhon/ арлын эрэгт зогсохыг тушаав.  
  Арал дээр тэрээр Лимасавагийн /Limasawa/ хаан Коламбу /Kolambu/ болон Сиагу /Siagu/ нартай танилцаж тэд түүнийг Сэбү /Cebu/ арлын хаан Хумабонтой /Humabon/ уулзуулжээ. Дараа нь Хумабон хаан эхнэрийн хамт Католик шашинд нэгдэж усан баталгаа авсан. Магеллан Испанийн хаан, түүний эхийг алдаршуулан шашиндаа орсон хаан, хатан хоёрт Карлос, Хуан гэдэг нэр өгөв.  Хумабоны итгэлийг олсон Магеллан ойролцоох арлын захирагчдад өөрийн усан онгоцыг хүнсээр ханган, Христийн шашинд дагаар орохыг үүрэгдэв. Ихэнхи захирагчид үг дуугүй дагасан боловч Мактаны захирагчдийн нэг Дату Лапулапу /Datu Lapulapu/ эсэргүүцэн, шийдвэрийг зөвшөөрсөнгүй. “Тэрээр бүсдээ нөлөө бүхий удардагч болохыг илэрхийлнэ” гэж Магелланы хөлгийн түүхч Антонио Пигафетта /Antonio Pigafetta/ тэмдэглэлдээ бичжээ. 4-р сарын 26-нд Мактан арлын нөгөө удирдагч Зулу /Zulu/ өөрийн хүүг хоёр ямаатай Магелланруу илгээж “Эрхмийн шаардлагыг зөвшөөрч, бүх талаар дагахад бэлэн ч эсэргүүцэгч Лапулапу байгаа тул өөрийн биеэр ирж чадсангүй” хэмээжээ.    
   Хумабон хаан, Зулу захирагч нар Магелланыг өөрөө очиж Лапулапуд зарлигаа тулга хэмээв. Зулуг өөрийн холбоотон болгосон Магеллан Лапулапугийн эзэмшил, эрх мэдлийг авч өгөхөөр тохиров.  Тулаан болохын өмнөх шөнө Магеллан, Лапулапуг шинэ хаанд бууж өгөхийг ятгаж байжээ.  Шөнө дундын үед 60 орчим хуяг, дуулгатай цэргүүд, шинэ хаан, хатан, зөвлөлийн гишүүд нийлсэн хориос гучин балангай /balangay/ завь дагуулан хөдлөв. Үүр цайхаас гурван цагийн өмнө Мактан арлын орчимд очив. Магеллан тулалдахыг хүсээгүй тул Лапулапуруу “шинэ хааныг өөрийн эзэнд зөвшөөрч, тавьсан шаардлагыг биелүүлвэл тулалдалгүй харин холбоотон болохоо баталж, шийдвэрийг эс дагавал хэрхэн цээрлүүлэхийг хүлээж бай” гэсэн захидал илгээж. Хариуд нь “Хэрэв та нар манай бэхлэлтийг давж чадна гэж бодож байгаа бол хүрээд ир. Бид эрэг болон тосгоныхоо голд хатуу үзүүртэй моддоор дүүрсэн нүх ухсан ба та нарыг тэнд үгүй хийх болно” гэсэн байв.   
   Түүхчийн бичсэнээр тулааны өглөө Магеллан 49-н өвч хуяг, бамбай, сэлэм, сүх, хавчаахай, буугаар зэвсэглэсэн эрс, дагаар орсон овгийн нилээн хэдэн дайчидын хамт эрэгрүү завиар явж.  Далайн эргийн уулархаг байдал, том чулуунууд ба усанд дөнгөж далдлагдах шүрэн хаднуудаас болж том хөлгүүд арлын эрэгт хүрч чадаагүй бөгөөд үхэр бууны сум ч Лапулапугийн цэргүүдэд хүрхээргүй байжээ. Энэ үед эсрэг талд 1500 орчим нутгийн уугуулууд харагдаж байсан байна.  49-н дайчин гуяар татсан усанд бууж эрэгт хүрэх хооронд хэд хэдэн сум усанд тусч байж. Чулуунаас болоод завь эрэгт ойртож чадахгүй байсан тул зарим нь завиа харан үлджээ. Тэднийг эрэгт гарахад уугуул дайчид гурван хэсэгт хуваагдан байрлаж, чих дөжрөм чанга уухай, хашгиран угтсан байна. Торгон цэргүүд, нумт харваачид хагас цаг орчим холоос буудсан боловч огт ашигтай тусахгүй байв.  Тиймээс Магелланы цөөн хүнтэй баг галд хатууруулсан саваа, төмөр үзүүртэй хулсан жад, нум сум тэр байтугай чулуугаар зэвсэглэсэн нутгийнхны өмнөөс шууд дайрав. Уугуул дайчид хоёр талаас нь зэрэг дайрлаа. Хуяг дуулга тэднийг хамгаалж цөөн хүн оногдсон ч ерөнхийдөө ихэд тамирдав.  Европчуудын сум, зэвсгүүд уугуулуудын хэврэг бамбайг амархан цөмлөхөөр байвч хэт холоос болж байндаа тусахгүй, туссан ч бултаж чадаж байв. Зайтай байсан Магеллан цэргүүддээ сум, зэвсгээ гамнахыг хэлж чадахгүй байсан тул цэргүүд сумаа дуустал хагас цаг тасралтгүй бууджээ.  Магеллан дайснуудын анхаарлыг өөр зүгт хандуулхын тулд зарим байшингуудыг галдав. Энэ нь улам уурлуулсан ба нэг хортой сум Магелланы хуяггүй нүцгэн хөлийг оносонд аргагүйн эрхэнд цэргүүдээ гардан тулаанд оруулав. “Энэ хооронд ахмад хэдэн хүмүүсийг үлдсэн байшингуудыг түймэрдүүлхээр явуулав. Уугуулууд үүнд ихэд бухимдаж хэд, хэдэн цэргийг байшингийн ойролцоо алсан ч бид 20-30 байшинг шатааж чадсан. Үүний дараа ахмадын хөлийг оносон шиг хорт сумаар бидэн дээр бороо орлоо. Ахмад биднийг шууд довтлохыг тушаасан боловч түүний орчимд байгаа 10-15 орчим хүнээс бусад нь устгагдсан. Лапулапугийн цэргүүд бидний зөвхөн хөлрүү сум болон чулуугаа нүүлгэж байв. Учир нь зөвхөн тэр хэсэг л нүцгэн байсан юм. Харин бид үүнд ямар ч хариу үзүүлж чадахгүй байлаа. Бөмбөгдөлтөөр туслах завьнууд ч хэт хол байв” гэж тэмдэглэлд бичжээ. Уугуулуудын ихэнхи нь Магелланруу тусгайлан дайрав. Энэ үед түүний гарт жад зоогдон, хөлөнд нь том сэлэмний шарх үүслээ. Түүний ойр байсан цэргүүд хамгаалах гэж хичээсэн боловч уугуулууд жад болон сэлмээр тэднийг устгав. 
  Давуу байдлыг ашиглан Лапулапугийн цэргүүд Магелланийг нэг мөр хороож энэ түүхийг бичигч Пигафетта болон хэдхэн цэргүүд амь мөлтөс зугтаж амжсан байна.  Тулааны улмаас Магелланы ихэнхи цэргүүд үрэгдсэн ба тэдэнд туслахаар ирсэн шинэ христэд итгэгч дайчид ч мөн тулааны талбарт амиа алдацгаасан юм. Харин Магелланы шинэхэн түншүүд болох Хумабон, Зулу нар түүний амлалтыг хүлээн тулалдаанд оролцолгүй зайнаас харж байжээ.   Тулааны дараа Хумабон хаан Магеллан болон түүний амь үрэгдсэн цэргүүдийн цогцсыг эргүүлэн өгөхийг хүсч хариуд нь тэдний хүссэн бүхнийг өгөхөөр амласан боловч Лапулапу татгалзжээ.  Тулаанаас амьд гарч Сэбүд ирсэн цэргүүдийн зарим нь Хумабон хааны тэдэнд зориулсан найрын үеэр хордож үхэв. Иймээс Магелланыг залгамжлан аялалыг командлагч Хуан /Juan Sebastián Elcano/ шууд хөлгөө аялалд гаргахыг тушаан баруун зүгт тэмцэв. Тэд 1522 онд Испанид хүрснээр энэхүү аялал нь дэлхийг тойрсон анхны аялал болж Магелланы нэрээр түүхэнд бичигдсэн.  Тулалдаан Филиппин гадны колон болохыг 44 жилээр хойшлуулж чадсан ба 1564-1565 онд Мигуэл Лопез де Легазпи /Miguel López de Legazpi/ ирснээр 300 гаруй жил Испанийн колонд байсан юм.   Өнөөдөр Филиппиний зарим арлууд тухайн үеийнхээр нэрлэгдэхээ больсон ч Лапулапу нь харийн түрэмгийлэгчдийн эсрэг тэмцсэн анхны “Филиппин үндэсний баатар” хэмээх алдар хүндийг олсон.  
    Өдгөө Мактан аралд түүний хөшөөг босгон дуу, жүжиг, кинонд мөнхөлснөөс гадна тулааны түүхт өдрийг ялалтын баяр хэмээн өргөн тэмдгэлж, энэ өдөр нь Сэбү арлын гол баяруудын нэг болжээ.  Тулаан болсон газрын орчимд Лапулапугийн бунхныг босгож, хожим Испаничууд зэргэлдээ нь Магелланы хүндэтгэлд зориулсан цогцолбор босгосон боловч уг арлыг АНУ эзлэх үеэр сүйтгэгджээ.  Одоо цагт Сэбугийн төвд Магелланы бунхан босч, Христийн шашныг Филиппинд авчирсан түүхэн гавьяаг нь байнга хүндэтгэдэг. Мөн тус улсын өнцөг булан бүрд түүний нэр орсон газар, төвүүд байхаас гадна Magallanes гэдэг нэр нь Филиппинчүүдийн нийтлэг овгийн нэг болжээ.  Нутгийнхан Лапулапуг Сама Бажау /Sama-Bajau/ гэх нэг төрлийн муслим шашинд итгэгч байсан гэж үздэг. Домогт өгүүлснээр Лапулапу хэзээ ч үхээгүй ба чулуу болон хувирч мөнхөд Мактанг арлаа хамгаалж байгаа юм байна. Нутгийн загасчид болон удирдлагууд энэ орчмын далайд загасчлахдаа олз омогтой байхыг хүсэн одоо ч эрэгтэй хүний хэлбэртэй хаданд мөнгө, өргөл өргөсөөр байгаа аж.  2017 оны 4-р сарын 27-нд Лапулапуг тус улсад гадаадын дэглэмийг эсэргүүцсэн анхны баатар хэмээн хүндэтгэн, тулалдаан болсон 4-р сарын 27-ны өдрийг ерөнхийлөгч Родриго Дутерте /Rodrigo Duterte/ “Лапулапугийн өдөр” болгон зарлав.
May be an image of outdoors, monument and text that says 'titastravels.wordpress.com HERNANDO PH MAGALLANES'


May be an image of 2 people

May be an image of sculpture, outdoors and monument

СЭТГЭГДЭЛ БИЧИХ