Өнөөдөр Чернобылын атомын станцд осол гарсан өдөр
1986 оны 04-р сарын 26-ны бямба гарагийн 1 цаг 23 минутад тухайн үеийн Украйны БНУ-ын хойд хэсэгт орших Припять хотын ойролцоо орших Чернобылийн атомын цахилгаан станцын 4-р реакторт осол болсон юм. Энэ нь одоогоор дэлхий дээрхи хамгийн их хохирол, өртөгтэй, хамгийн аймшигтай цөмийн гамшигт тооцогдож байна. Олон улсын цөмийн үйл явдлын хуваариар /International Nuclear Event Scale/ хамгийн их буюу 7-р түвшинд бичигддэг хоёр л үйл явдал байдаг бөгөөд нэг нь Чернобыль бол нөгөөх нь 2011 оны Фукушима Дайчигийн цөмийн осол юм.
Чернобылийн ослын онцгой байдлын үеийн хариу арга хэмжээ, дараа нь хүрээлэн буй орчныг ариутгахд нийт 500,000 гаруй ажилтнууд хамрагдаж, тухайн үедээ 18 тэрбум рублийн зардал гаргасан нь инфляцийн өсөлтийг тооцсоноор 2019 оны 68 тэрбум Америк доллартай тэнцэнэ.
Осол RBMK төрлийн цөмийн реактор дээр аюулгүй байдлын туршилтын үеэр эхэлсэн. Туршилт нь цахилгаан үүсгүүрийг эрчим хүчээр хангах хүртэл реакторын “хөргөлтийн усны эргэлтийг хадгалах аюулгүй ажиллагааны журам”-ыг бий болгоход туслах цахилгаан тасалдлын загварчлал байв. Ийм туршилтыг 1982 оноос хойш гурван удаа хийсэн боловч шийдэл гаргаж чадаагүй байна. Дөрөвдүгээр туршилтын үед эрчим хүчний хэмжээ гэнэт эрс өссөн бөгөөд аюулын горимд шилжүүлж, системийг унтраах гэж ажилтнууд оролдсоноор хяналтаас гарч, хэд хэдэн дэлбэрэлт болжээ. Дэлбэрэлтийн урсгал нь Припять орчмын бүс нутаг төдийгүй ЗХУ-ын баруун хэсэг, Зүүн Европ, Баруун Европ, Хойд Европт хүрсэн гэдэг. Ослын улмаас Украйн, Беларусь, Оросын нутгийн өргөн уудам бүсээс 336,000 гаруй иргэнийг нүүлгэн шилжүүлсэн юм.
АЦС-т дэлбэрэлт болох үед агаарт 190 тонн цацраг идэвхит бодис алдагдсан байна. Цөмийн хөдөлгүүрт байсан 140 тонн цацраг идэвхит түлшний 8 тонн нь гадаад орчинд тархсаныг хожим тогтоосон юм. АЦС-д дэлбэрэлт болсоноос хойш 14 хоногийн турш түймэр дэгджээ. Энэ үеэр ч өөр хорт бодис агаарт цацагдсаар байсан юм. Чернобылийн орчимд байсан хүмүүс Хиросимо хотод дэлбэрсэн атомын бөмбөгнөөс 90 дахин их цацрагийн хордлогод орсон байна.
Дэлбэрэлтийн үеэр 30 км-ын эргэн тойрон газар цацраг идэвхит бодист хордсон байна. нийт 160 мянган квадрат км талбай химийн бодист хорджээ. Украин улсын хойд хэсэг, Беларусь, Оросын баруун хэсэг цацрагт хорджээ. Нийт хордсон 60 мянган квадрат км газар нутаг дээр 2,6 сая хүн амьдарч байлаа. АЦС дэлбэрсэний дараа 4 сарын 27-ний өдрийн 14 цагт Украины Припять хотын бүх оршин суугчдийг нүүлгэн шилжүүлэх ажил эхэлсэн байна. 3 цагийн дотор Припять хотоос 45 мянган хүнийг гаргажээ. Хотын оршин суугчдийг нүүлгэн шилжүүлэхдээ гэрээсээ ямар ч ачаа тээш авч болохгүй гэж сануулаад, хүмүүсийг 3 өдрийн дараа гэрт нь буцаана гэжээ. Гэрийн тэжээмэл амьтадаа ч үлдээхийг тушаажээ. Хожим хотод байсан бүх гэрийн тэмжээмэл амьтадыг буудаж устгасан. Гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүлээр АЦС-ын сүйрлийн дараах хохиролыг ярьж байхад, харин ЗХУ-ын Киев, Белорусийн бусад хотуудад 5 сарын 1-ний МАЙН баярын өргөн зугаалага болж байлаа. Оршин суугчдийн дунд цочирол үүсгэхгүйн тулд баярыг урьдийн адил хийжээ. Сүйрлийн дараах өдрүүдэд АЦС-аас 10 км-ын зайтай орших суурин газруудын оршин суугчдийг нүүлгэсэн байна. 5 сарын 2-нд АЦС-аас 30-кмын алсад байдаг суурин газруудын иргэдийг нүүлгэх шийдвэр гаргасан байна. 1986 оны сүүлээр Чернобылийн атомын цахилгаан станцийн ойр орчимийн 188 суурин газрын 116 мянган хүнийг нүүлгэсэн гэсэн албан ёсны баримт байдаг.
Чернобылийн АЦС дэлбэрсэн тухай Зөвлөлтийн эрх баригчид чандлан нууцалж байлаа. Сүйрлээс хойш 3 өдрийн дараа буюу 1986 оны 4 сарын 30-нд Шведийн Форсмарк АЦС-ын албан хаагчид маш хүчтэй цацрагийн туяаг бүртгэж авсан байна. Энэ цацраг тэдний АЦС-аас бус, харин зүүн зүгээс ирсэн үүлэнд байлаа. Үүл хаана цацраг идэвхт бодистой болсон байх вэ гэдэг асуулт гарч ирэв. Үүний дараа ЗХУ Чернобылийн АЦС-д том хэмжээний осол гарсан гэж хүлээн зөвшөөрсөн байна. Чернобылийн АЦС–д гал гарсаны дараа нисдэг тэргээр цемент, буталсан свинц цацаж байлаа.
Скандинавын орнуудад Чернобылийн АЦС-ын дэлбэрэлтийн дараа цацрагаас хамгаалах арга хэмжээ авч эхэлсэн байна. Скандинавын орнуудад 40 мянган толгой гэрийн тэжээмэл амьтанг устгаж, Герман улсад мянган тонн сүүг цацрагт хордсон гэж үзээд асгажээ. Чернобылийн АЦС-ын дэлбэрэлтийн дараа хорт хавдартай хүмүүсийн тоо нэмэгдсэн байна.
Аваарын тухай албан ёсны анхны мэдээлэл ЗХУ-ын телевизээр 4 сарын 28-нд дамжуулагджээ. Чернобылд гал гарч 2 хүн нас барсан гэж мэдээлсэн байна. Харин гамшигийн тухай жинхэнэ үнэн мэдээллийг дамжуулаагүй байна. 1987 оны 7-р сарын 7-нд Чернобылийн АЦС-ын сүйрэлд хариуцлага тооцох шүүх хурал болж өндөр албан тушаалын 6 хүнийг хариуцлагад татжээ. 7-р сарын 29-нд энэ зургаан хүний 3 нь ял сонссон байна. АЦС-ын дарга Виктор Брюханов, ерөнхий инженер Николай Фомин, ерөнхий инженерийн орлогч Анатолий Дятлов нар 10 жилийн ял сонсов. Анатолий Дятлов цацрагийн өвчин туссан байжээ. Иймээс түүнийг хугацаанаас нь өмнө суллажээ. Хожим Дятлов “Чернобыль. Тэнд юу болсон бэ?” гэдэг дурсамж ном бичжээ. Тэр энэ номондоо болж өнгөрсөн үйл явдлын талаар өөрийн хувилбараа бичсэн байна. Анатолий Дятлов 1995 онд нас баржээ. Виктор Брюханов шоронд 5 жил хоригдоод 1991 онд суллагджээ. Тэр шоронд хоригдож байхдаа жижиг уурын зуухны слесарь хийсэн байна. Тэр Чернобылийн АЦС-ын гамшигийн хөнөөлийг арилгах ажилд оролцож байхдаа 250 рентген авчээ. Харин АЦС-ын ажилтан жилд 5 рентген хордлого авдаг гэсэн судалгаа байдаг.
1986 оны 11-р сарын 30-нд дэлбэрсэн 4-р блокийн дээгүүр битүү саравч барих ажил эхэлжээ. Албан ёсны баримт бичигт энэ төслийг “Нуувч” гэж нэрлэсэн байна. Харин дэлхий даяараа энэ төслийг “Саркофаг” гэжээ. Саркофаг доор 180 тонн бага баяжуулсан уран-235, 70 мянган тонн цацраг идэвхит металл, бетон хавтангууд 35 тонн, нийт 2 сая кюри цацраг идэвхит тоосонцор байгаа. 2016 онд “Саркофаг”-ийн ашиглалтын хугацаа дуусна. Гэвч 4-р блокийн дээгүүр барьсан саркофаг нь эвдэрсээр байгаа. Хэрвээ саркофаг нурвал дахин цацраг идэвхит бодис гадагш алдагдах эрсдэлтэй юм. 2004 онд Европын сэргээн босголт, хөгжлийн банк Чернобылийн АЦС-ын дээгүүр барих шинэ саркофагны тендер зарлаж, төслийг санхүүжүүлнэ гэж мэдэгдсэн байна. 2007 онд Францын NOVARKA компани тендерт шалгарчээ. Цөмийн цэвэрлэгээг 2065 онд дуусгахаар төлөвлөж байна.
1993 оны намар АЦС-ын 2-р блокийг, 1996 оны 12-р сарын 1-нд 1-р блокийн хөдөлгүүрийг зогсоожээ. 2000 оны 12 сарын 6-нд АЦС-ын 3 дахь блокийн хөдөлгүүр эвдэрч зогссон байна.
Чернобылийн АЦС нь 1977 оны 9 сарын 27-нд ашиглалтанд орсон. Тус цахилгаан станц анх 1 сая квт хүчин чадалтай байлаа. 1978 оны 12 сарын 22-нд тус АЦС-ын хоёр дахь блок, 1981 оны 12 сард гурав дахь блок, харин 1983 оны 12 сард дөрөв дэхь блок нь ашиглалтанд орсон байна. Украинд нийтдээ 75,3 тэрбум кВт/цаг эрчим хүч үйлдвэрлэж байсны 4,7 тэрбум кВт/цаг эрчим хүчийг нь Чернобылийн АЦС гаргаж байжээ.
Тэр үед дэлбэрэлтийн голомтонд өдөр шөнөгүй ажиллан амьд тамтай нүүр тулж байсан аврагчдаас 60 мянга гаруй дайчид хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ. Гаж төрөлтүүд, нярайн эндэгдэл энэ бүс нутагт эрс ихэссэн ба төрөл бүрийн хорт хавдраар өвчлөгсөд ялангуяа бамбай булчирхайн хорт хавдар өргөн түгээмэл болсон талаар ДЭМБ судалж тогтоосон байна. Уг бүс нутагт 300 шахам мянган хүн хорт хавдраар өвчилсөн мөн энэ тоо цаашдаа улам өсөн нэмэгдэх хандлагатай байгаа талаар “Green Peace” байгууллагаас мэдээлж байна.
Өнөөдөр тэнд 100 шахам мянган хүн тахир дутуу болж, бамбай булчирхайн хавдар хэдэн зуу дахин нэмэгдсэн ба сая гаруй хүүхэд эмнэлгийн байнгын хяналтанд байна. Голомтонд амьдарч буй ард иргэдийн дунд толгой өвдөх, хамраас цус гарах, сульдаж ядрах, анхаарлаа төвлөрүүлэх чадваргүй болох, даралт өндөрсөх гэх мэт өвчний шинж тэмдгүүд илэрсээр... Дэлбэрч сүйдсэн станцын дээрээс нисдэг тэргээр мянга мянган тонн хар тугалга асган хэдэн арван метр зузаан бетоноор хучсан ч энэ авсан дотор явагдах цөмийн урвалыг бүрмөсөн зогсоох ямар ч боломжгүй учир үхлийн гамшигт туяа ялгарсаар байгаа билээ. Ураны хагас задралын үргэлжлэх хугацаа 4.5 тэрбум жил байдаг тул эх дэлхий маань сөнөсөн хойно л энэ гал бүрмөсөн унтарна гэсэн үг.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ